Ё.Баатарбилэг Х.Нямбаатар Ц.Цогзолмаа М.Билэгт Ц.Гарамжав С.Эрдэнэ 2018.04.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг хэрхэн томилж, чөлөөлөх асуудал дээрх хуульд тодорхой зохицуулалтгүй орхигдсон байсан учраас “Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө." гэсэн агуулгатай хэсгийг хуульд нэмэхээр төсөлд тусгасан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ц.Цогзолмаа, А.Ундраа, М.Билэгт нар төсөл санаачлагч гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, М.Билэгт нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Асуулт асууж тодруулан үг хэлсэн гишүүдийн олонхи нь боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон, тиймээс нөхөөс тавьж байгаа юм шиг байн байн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байх биш боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг цогцоор нь харж багц хуулийн шинэчлэлтийг яаралтай оруулж ирж хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай, тэгсэн цагт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг томилж,  чөлөөлөхтэй холбогдсон асуудал аяндаа шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хуулийн төсөл санаачилж өргөн барих нь гишүүний бүрэн эрхийн асуудал хэдий ч гэлээ Засгийн газраас уг төслийг дэмжих боломжгүй гэсэн саналаа өгсөн байтал салбарын яамны байр суурийг сонсохгүйгээр асуудлыг оруулж ирж байгаа нь зохимжгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэг нэрийн дор боловсролын салбарын хуулиудад байн байн нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн нь салбарын цогц бодлого, боловсон хүчний тогтвортой байдалд алдагдахал хүргэж байна. Иймээс асуудлыг сууриар нь харж, боловсролын багц хуулийг цогцоор авч үзэж шинэчлэх шаардлагатай гэж салбарын яам үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.

Мөн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг төвлөрлийг сааруулах үүднээс хуулийн төслийг дэмжээд чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа, хэрэв нэгдсэн хуралдаанаар дэмжигдвэл ажлын хэсэг гаргаад нухацтай хэлэлцье гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 8 нь буюу 67.1 хувь нь хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.