Д.Тэрбишдагва:Ардчилсан монгол орон авлигын, дарангуйллын дэглэмд шилжээд байгаа юм биш үү
0
2012.04.16

Д.Тэрбишдагва:Ардчилсан монгол орон авлигын, дарангуйллын дэглэмд шилжээд байгаа юм биш үү

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар өнөөдөр 17 цагт Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлав. Тэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан “МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулах үйл ажиллагааг явуулах үеэр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж, эд материал, бие мах бодид нь гэмтэл учруулсан. Тиймээс ажлын хэсэг гаргаж шалгаж өгнө үү" гэсэн бичгийг гэрт очиж гардуулсан байна. Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан "Энэ сарын 12,13-нд шилжих шөнө ардчилсан Монголын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг саатуулах үйл ажиллагааг хэрхэн явуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ үеэр бидний дөрвөн гишүүний халдашгүй дархан байдалд халдсан хэрэг боллоо. 

Тиймээс энэ байдлыг шалгаж тогтоож өгнө үү гэсэн албан хүсэлтийг УИХ-ын даргад өргөн бариад ирлээ. Тухайн үед хууль зөрчсөн үйлдэл гарахвий гэж болгоомжилж албадан саатуулах үйл ажиллагааг дуустал хамт байсан юм. Би Ерөнхий сайд С.Батболдруу утсаар ярьж хэлэхэд "бүх зүйлийг хуулийнхан мэднэ гэж хариулсан. Харин тэр бүхнийг мэддэг хуулийн байгууллагынхан нь хүний эрх, эрх чөлөөнд халдлаа. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд руу залгахад утсаа унтраасан байсан.Ер нь яг баривчилгааны үеэр юу болсон бэ гэдгийг та бүхэн хараахан мэдээгүй байх. Бичлэг хийж байсан камерийг хүчнийхэн унтрааснаас хойш олон зүйл болсон. 1937 оны хэлмэгдүүлэлтийг бид их ярьдаг. Тэр үед хүмүүсийг баривчлахдаа дээлээ нөмөр, гутлаа өмс гэж хэлээд аваад явдаг байсан. Харин тэр шөнийн албадан саатуулалтаас харахад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нядалгаанд оруулж байгаа малнаас дор үзэж байна. Ийм байдалтай бид эвсч амьдарч чадах уу, үгүй юу.

Ийм хэрцгий балмад ажиллагааг удирдсан цагдаагийн удирдлага өнөөдөр огцорчихсон баймаар байна. Хүчнийхнийг албадан саатуулахаар орж ирэхэд нь бүхнийг тайван байж хийе гэж хэлсэн. Уг нь тэд чинь орж ирээд яах гэж байгаагаа хэлээд, хамт явахгүй гэвэл хүчээр авч явж болно доо. Гэтэл тэнд байсан УИХ-ын гишүүдийг цаашаа хар, гараа ардаа ав гэж хэлдэг болчихсон юм байна. Тэр бүү хэл буйдантай хамт хөмөрч, гар мушгиж байна. Ц.Шинэбаяр гишүүний бид хоёрыг хөмрөөд унагачихаж байна лээ.Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд хуулийн байгууллагын удирдлагуудад хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Айл андууран орж гэрийн эзнийг барьж авч гарч ирсэн. Тэр байрны шатан дээр сууж байсан хоёр настай хүнийг үл тоож дээгүүр нь гишгээд гарсан байсан" гэлээ.Дараагаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүний амь эрсдэхэд хариуцлагын асуудлыг хөндөх байтал хамтарсан засаг байгуулж чимээгүй болгосон.

Тиймээс хүний эрхэд халдахад яадаг ч үгүй юм гэсэн ойлголттой болжээ. Тэр өдөр ганц хүнийг барих гэж яаж авирлаж байгааг олон түмэн харсан. Хэвлэлийнхэн та бүхний мэдээллийг шуурхай хүргэсний ачаар. Тэнд дайрч орж ирсэн залуус хатуухан үүрэг даалгавар авсан юм шиг байна лээ. Гэрт байгаа эд зүйлийг ч эдвэж хагалаад, хэмхлээд л. Ардчилсан монгол орон авлигын, дарангуйллын дэглэмд шилжээд байгаа юм биш үү. Би тэр үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу залгахад утсаа залгасан байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд унтаж байсан юм билээ. Нэг бол санаатай унтсан. Нэг бол сэтгэл нь ихэд тайвшраад унтсан байх" гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.