Ж.Мөнхбат 2018.04.25 | Сонин: Засгийн газрын мэдээ

Ж.Мөнхбат: Сангийн яам асуудлаа хуульд нийцүүлж чадахгүй байна

Ж.Мөнхбат: Сангийн яам асуудлаа хуульд нийцүүлж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр багагүй маргаан гарлаа.

Энэхүү төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх тухай тусгасан байв. Он гарснаас хойш энэ сарын 20-ны байдлаар энэ төрлийн татварын орлого 97.9 сая төгрөг болжээ. Харин хууль батлагдвал гаалийн албан татвараас 2018 оны үлдсэн хугацаанд 200 сая, 2019 онд 300 сая, 2020-2021 онд 400 сая орчим төгрөгийн орлого татварын хөнгөлөлтөд хамрагдах аж. Гишүүд уг төслийг дэмжиж байгаа ч, төсвийн хуулийг зөрчиж байна хэмээн шүүмжилсэн юм.

Энэ талаар Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Мөнхбаттай ярилцлаа.

-Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад та эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Эсэргүүцсэн үндэслэл нь юу юм бэ?

Төсвийн байнгын хороон дээр гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудал орж ирж байна. Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголыг хийх ёстой гэдэг асуудлыг Сангийн сайдаас удаа дараа шаардаж, сануулж байгаа. Харин Сангийн сайд шаардлагагүй гэж хэлдэг. Мөн Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулахаар ирүүлсэн шаардах бичгийг үзсэн.

Өмнөх Засгийн газрыг огцруулах болсон шалтгааныг санаж байгаа байх. Огцруулах гурван үндэслэлийн нэг нь хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол хийхгүйгээр олгосонд байсан. Сангийн яамны зүгээс өмнө нь зургаан удаа Төсвийн тухай хуулийг, бүр тодруулж хэлбэл 6.2.5-д заасан “Төсвийн жил орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх асуудал өргөн барихгүй” гэснийг зөрчсөн. Хэрэв зарлага нэмэх шийдвэр гаргасан бол тэрийг төсвийн дараагийн жилээс хэрэгжүүлж эхлэх ёстой. Гэтэл Сангийн яам “Цаг хугацаа тулчихсан байна, зайлшгүй хэрэгтэй байна” гэж УИХ-ыг шахсаар байгаад батлуулдаг. Дараа нь Сангийн сайд нь “Энэ хуулийг Засгийн газар, Сангийн сайд баталдаггүй. УИХ-ын баталсан хуулийг би хэрэгжүүлж байна” гэж бурууг парламент руу чихдэг. Тиймээс би эсрэг байр суурьтай байгаа юм.

-Тэгэхээр өнөөдрийн төсөл Төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг үү?

-Ардчилсан намын шаардах хуудсан дээр “Таван удаа төсвийн тухай хуулийг зөрчсөн” гэж дурдсан байсан. Яг ийм үйлдэл давтагдаад орж ирлээ. Үүнийг л би эсэргүүцэж “Нэг нэр, хоёр хоч зүүгээд яах вэ. Тиймээс хэрэгжих хугацааг нь хуульд нийцүүлээд 2019 оны нэгдүгээр сарын 1 болгоё. Үнэхээр аж ахуйн нэгжүүдийг бодож байгаа бол 2018 оны тавдугаар сард төлсөн аж ахуйн нэгжүүдийн татварыг буцааж олгоно гээд баталчих” гэсэн саналыг л хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийг зөрчихгүй гэсэн үг. Харамсалтай нь, Сангийн яамны гол газрын даргын үүрэг гүйцэтгэгч хүн өөрөө асуудлаа ойлгоогүй, маш буруу тайлбар хийж байна.

-Энэ бол Сангийн сайдыг огцруулах хэмжээний үндэслэл гэж харж байна уу?

-Төсвийн тухай хуулийг зөрчсөн таван удаагийн тохиолдлыг Ардчилсан намын бүлэг ярьсан. Ийм асуудал яригдсаар байхад Сангийн яам яагаад асуудлаа хуульд нийцүүлж оруулж ирэхгүй байгаа юм бэ. Өнөөдрийн Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн хуулийн төсөл батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ гэж байгаа. Тэгэхээр төсвийн жилд орлого бууруулах, зарлага нэмэхгүй байх хуулийг зөрчиж байгаа юм. [ЗГМ]