Г.Өнөржаргал: Стандартын хуулийн үр шимийг иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар хүртэнэ

Г.Өнөржаргал: Стандартын хуулийн үр шимийг иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар хүртэнэ

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний газрын дарга Г.Өнөржаргал

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний газрын дарга Г.Өнөржаргалтай ярилцлаа.

-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан. Хуульд шинэчилсэн найруулга хийх болсон шалтгаанаас яриагаа эхлье?

-Одоо мөрдөж байгаа буюу 2003 оны Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн үндсэн зарчим нь стандартыг бүх нийтээрээ заавал мөрддөг байсан бол шинэчилсэн найруулгаар стандартын зарим хэсгийг нь сонгон хэрэглээд зарим хэсгийг нь заавал мөрдөхөөр заасан.

Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд худалдаанд шалтгаангүйгээр саад тотгор учруулахгүй, бусад улсын худалдааг дэмжээд, ямар нэгэн бэрхшээл үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй.

Худалдааны хамгийн гол хэрэгсэл бол стандарт.

Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд гарахдаа стандартын шаардлага хангасан байх зарчимд суурилдаг. Бид дотооддоо үндэсний хэмжээнд заавал мөрдөх стандарт гаргасан байдаг. Худалдаа эрхлэгчид олон улсын эсвэл өөрийн үйл ажиллагаанд тохирсон стандартыг хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл үндэсний хэмжээнд тухайн төрөлд ганцхан стандартаас болоод шаардлагагүй шатлалууд бий болоод байна. Тийм учраас 2003 оны хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Өмнө нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ 50 хувь хангадаг байсан бол 100 хувь хангадаг болъё. Ингэхдээ стандартыг бүх нийтээрээ сонгон хэрэглэдэг болъё гэсэн үүднээс хуульд шинэчлэл хийсэн.

-Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс яг ямар шинэлэг зохицуулалтууд оруулсан бэ?

-Хуулийн нэр нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль. Тиймээс стандартчилалтай холбоотой үндсэн 3 төрлийн зохицуулалтыг оруулсан.

Монгол Улс тусгаар тогтносон улс л юм бол үндэснийхээ эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Тэр үүргийнхээ хүрээнд сонгох хэрэглэх стандартыг хэрэглэхээс гадна импортоор оруулж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд хүн амынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг чиглэлээр Засгийн газар стандартыг эш татах замаар зохицуулалт хийж байгаа захирамжийн баримт бичиг гаргахыг техникийн зохицуулалт гэнэ. Захирамжлалын баримт бичиг нь заавал нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акттай. Салбар дундын үйл ажиллагаа эрхэлж байгаа Стандартчилал, хэмжил зүйн газрын хувьд төрөлжсөн буюу чиглэлийн Яамдад, агентлагуудад өөрсдийн хуулиар эрх олгогдсон ажлын хүрээнд техникийн зохицуулалтыг боловсруулж, хүн амын эрүүл аюулгүй байдал ашиг, сонирхлыг хамгаалах үүрэгтэй.

-Тохирлын үнэлгээний итгэмжлэл гэж тусдаа бүлэг болон орж ирсэн. Энэ тухайд?

Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухайд яривал итгэмжлэлийн маш олон төрөл байдаг. Боловсролын салбарт боловсролын магадлалын итгэмжлэл, эмнэлгийн салбарт мөн магадлан итгэмжлэгдсэн, иргэний эрх зүйн харилцаанд хүртэл итгэмжлэл буюу бусдаар төлөөлүүлэх зарчим явагддаг. Тиймээс итгэмжлэл буюу тохирлын үнэлгээг эрхэлж байгаа итгэмжлэлийн байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангахын тулд итгэмжлэлийн нэр томьёог тохирлын үнэлгээний итгэмжлэл гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр та бидний хэрэглэж байгаа бүх зүйлийг стандартын дагуу шаардлага хангуулсан гэдгийг хөндлөнгийн гуравдагч этгээд баталгаажуулах юм. Харин баталгаажуулалт хийж байгаа байгууллага нь өөрөө чадавхтай эсэхийг, баталгаажуулалтын схемийн дагуу зөв явагдаж байгаа эсэхийг, стандартын шаардлагыг бүрэн хангуулж, ажилбараа хийж байгаа зэргийг итгэмжлэлийн байгууллага үнэлнэ. Товчоор хэлбэл стандарт, баталгаажуулалт, итгэмжлэл гэдэг цогц гурван үйл ажиллагааны үндсэн дээр, бие биенийгээ харилцан нөхцөлдүүлж байж иргэн хүн чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэнэ.

Энэ хуулинд итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор эрх зүйн статусын хувьд тусдаа бие даасан байхаар хуульчлагдсан. 

Стандарт, хэмжил зүйн газрын бүтэц дотор баталгаажуулалтын үйл ажиллагаа явагддаг. Монгол Улсын зах зээл дээр нийт 200 гаруй сорилтын лаборатори байдаг. Хөндлөнгийн баталгаажуулалтын буюу сорилт туршилтын үр дүнг үндэслээд баталгаажуулдаг байгууллага гэвэл салбар салбараараа 100 гаран байдаг. Эдгээр байгууллагуудын чадавхыг үнэлж байгаа байгууллага одоогоор дотооддоо байгаа учраас ашиг сонирхлын хувьд хэр авцалдах, магадгүй хэрэглэгч ашиг сонирхолтой учраас давуу эрх өгсөн гэх хардлага сэрдлэг байдаг. Тиймээс итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлыг хангасан.

Түүнчлэн итгэмжлэлийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх шаардлага байдаг. Өнөөдөр Монгол Улсад баталгаажсан бараа бүтээгдэхүүнийг дараагийн экспортод гаргахын тулд тухайн орондоо дахин баталгаажуулалт хийх, дахин сорилт хийх шаардлага гардаг. Энэ хуулиар эдгээр шат дарааллаас зайлсхийж байгаа юм. Монгол Улсад итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, итгэмжлэгдсэн техникийн хяналтын үр дүнг гадаад оронд шууд хүлээн зөвшөөрөх гэдэг олон улсын зарчмаар нэг стандарт, нэг тохирлын үнэлгээ, нэг итгэмжлэл гэдэг зарчмаар явах үүднээс хуулийн шинэчлэлтийг хийсэн.

-Монгол Улсад мөрдөгдөх стандартын тухайд ямар өөрчлөлт энэ хуулиар орсон бэ?

-Олон улсын стандартыг шинэчилсэн хуулиар гадаад орны дэвшилтэт стандартыг бүртгүүлэн, үйл ажиллагаандаа хэрэглэж болно гэж хуульчилсан.

Үндэсний стандартын тухайд олон улсын стандартыг 1:1-ээр эсвэл өөрийнхөө үйл ажиллагаа, өөрийнхөө цаг уурын онцлогт тохируулан үндэсний стандартууд гардаг.

Байгууллагын стандартад олон улсын болон үндэсний стандартаас дээгүүр, өөрөөр хэлбэл шинэ технологи, шинэ нөү-хау дээр суурилж зах зээл дээр шинэ өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тухай байгууллага хоёр стандартын түвшинг дээшлүүлж гаргаж байгаа стандартыг хэлнэ.

Үндэсний хэмжээнд Монгол Улсад батлагдсан MNS дугаартай стандарт энэ жилийн хувьд 6193 бий. Стандартын тоо өөрөө хэлбэлзэлтэй. Үйл явц шинэчлэгдэх, нийгэм шинэчлэгдэхийн хэрээр зарим стандарт хэрэггүй болж, зарим тохиолдолд шинэчлэгдэх, шинээр нэмэгдэх шаардлага гардаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд 6000 дотор стандарт эргэлдэж байна.

Шинэчилсэн найруулгаар олон улсын болон байгууллагын стандартыг бүртгүүлэн хэрэглэх шаардлагагүй болж байна. Байгууллагын стандарт гарахдаа өөрөө хоёр түвшний стандартын шаардлагаас дээгүүр байх хуулийн зохицуулалт байгаа учраас бизнес эрхлэгчид чөлөөтэйгөөр бизнес хөгжүүлэлт хийж болно.

-Гадаад худалдааг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болох уу?

-Олон улсад ISO гэсэн ерөнхий шаардлагын стандартуудын тавьдаг. Улс орон болгон өөрийн гэсэн бодлоготой, өөрийн гэсэн төлөвлөлттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хятад руу бүтээгдэхүүн гаргах гэж байгаа тохиолдолд ISO-гийн стандарт гэхээс илүү Хятадын GB-гийн стандартыг хангуулсан байх зах зээлээ судална шүү дээ. Япон руу бараа бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол Японы стандартын шаардлагыг хангуулсан байх ёстой.

Бид өмнөх хуулинд энэ стандартыг заавал үндэсний буюу MSN болгочхоод зах зээл дээр бизнес эрхэл гэдэг байсан. Гэтэл тэр бүтээгдэхүүн Монгол Улсад хэрэггүй байж болно. Монгол хэрэглэгчдэд биш Хятад хэрэглэгчдэд зориулж байхад түүнийг үндэсний стандарт болгоод, дахиад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, хаяг шошго орчуулах хэрэг гарна.

Хятад руу явах гэж байгаа бүтээгдэхүүнд Монгол хаяг, шошго хэрэггүй шүү дээ. Хятадын баталгаажуулалтаас гаргадаг нэмэлт шаардлага л хэрэгтэй. Худалдааг илүү хөнгөвчилж, бизнес эрхлэгчдийг чирэгдэлгүйгээр худалдаа эрхлэх боломж олгож байгаа юм. Наад зах нь баримт бичгийн сонголт хийхэд бид ямар нэгэн саад тотгор, хориг хязгаарлалт хийхгүйгээр хуульчилсан.

Харин Монгол Улсад зориулж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол дотоодын үйлдвэрлэгч нар MNS гэдэг стандарттайгаар, тэр стандартын дагуу баталгаажуулалт, сорилтын лаборатори, дээрээс нь хаяг шошгын мэдээлэл нь хүртэл монгол дээр байх шаардлага тавина.

-Дотооддоо зориулж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тухайд?

-Стандартын хуулийн үр шимийг иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар хүртэнэ. Хүмүүс стандартын хууль гэхээр Стандарт, хэмжилзүйн газрын хууль гэж ойлгодог.

Стандарт гэдэг бол өөрөө цэвэр худалдааг дэмждэг, худалдааны арга хэрэгсэл.

Магадгүй та бараа бүтээгдэхүүнээ сонгож авахдаа тухайн бараа бүтээгдэхүүн дээр стандартын тэмдэг тэмдэглэгээ, стандартад заасан үзүүлэлт шаардлага байхгүй бол та бараа бүтээгдэхүүнээ худалдаж авч чадахгүй. Гутал гэхэд л 37 размер гэдэг тоо байгаа учраас та шууд тэр тасгаас очоод 37-г өмсөхөд тэр нь танд таарч байх жишээтэй. Энэ бол стандарт. Худалдааг илүү хялбаршуулж байна. Цамц авахад энэ цамцны даавууны шинж чанар, үзүүлэлтийг нь шууд хэлээд өгдөг. Тоогоор, зургаар илэрхийлж байгаа энэ үзүүлэлтийн ард стандарт буюу хэм хэмжээ тогтоосон техникийн шаардлага байна. Дээрээс нь стандартын шаардлагын дагуу хангаж байна уу гэдгийг баталгаажуулалтын байгууллагын дагуу баталгаажуулсан байна. Тэр баталгаажуулалтын байгууллагын дагуу үйл ажиллагаа явуулж болно гэдгийг итгэмжлэл нь өөрөө хэлж өгнө. 

Одоогийн хэрэгжиж  байгаа хуулиар бизнес эрхлэгчид олон улсын стандартыг хэрэглэхийн тулд  бөөн бичиг цаас болдог. 

Үйлдвэрлэгч хэрэглэгчийнхээ дуу хоолойг илүү сонсдог. Миний бараа бүтээгдэхүүн яавал илүү хурдан зарагдах вэ, яавал удаанаар бизнесээ тогтвортой хангах, цаашлаад миний бараа эргэлт хэдийн хэмжээнд өсөж чадах вэ гэдэг зүйлийг төрийн нэг байгууллагын оролцоогүйгээр өөрөө байнгын хөгжүүлэлт хийх шаардлагатай. Хөгжүүлэлт хийж байх явцад заавал хөндлөнгөөс та энэ л стандартыг баримтал гээд ганцхан стандарт тавьж болохгүй. Японы стандартыг хэрэглэмээр байна гэвэл та Японы стандартаа орчуулаад үндэсний 

стандарт болго гэдэг шаардлага тавьдаг байсан юм.

Тэр стандарт нь заримдаа 100-200 ч хуудастай байх тохиолдол бий. Харин хуулийн шинэчлэлээр олон улсын стандартыг чөлөөтэй сонгох, хэрэглэх боломжийг нь нээж өгснөөр бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагаандаа тохируулан дурын нэг стандартаар хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр хэрэглэх боломжийг нь бий болгож байна.  

Харин бүртгэлийн систем нь статистикийн тоо мэдээ, эдийн засгийн эргэлтийг сайжруулах явцад аль салбар аль улс руу илүү гарч байна вэ гэдгийг судлахад хэрэгтэй.

Стандарт гэдэг бол тухайн бүтээгдэхүүнийхээ чанарыг бий болгож байдаг.

Магадгүй Европын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргая гэхэд Европын стандартыг бид бүртгээд тухайн бизнес эрхлэгчид өөрөө хөгжүүлэлтээ хийнэ. Европын холбооны стандартыг баримталснаар тухайн байгууллагын хувьд нэгдүгээрт хүний нөөцийн чадавх нь дээшилнэ, хоёрдугаарт технологийн шийдлүүд шинээр бий болно. Өөрөөр хэлбэл стандартаа дагаж шинэ мэдлэг, шинэ тоног төхөөрөмж орж ирдэг. Үүнийгээ дагаад нийгэм, эдийн засаг, худалдааны соёл өөрөө дээшилнэ.

-Стандартыг албан биш сонголттой хэрэглэхээр байгууллагуудын стандартын чанарт сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Захиргааны шинж чанартай захирамжлалын акт заавал биш болчхоор дур зоргоор авирлах, стандартыг хэрэглэхгүй байж болох нь гэсэн ойлголт явж байна. Стандартыг сонго гэдэг маань өөрөө 5-10 төрлийн стандартаас тухайн үйл ажиллагаандаа өөрийн үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх, техникийн шинэчлэлтэйгээ уялдуулаад 10 стандартын 1-ийг сонгоно гэсэн үг.

Энэ нь нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Жижиг дунд бизнес эрхлэгчид заавал тэдний хөлд чирэгдэж, зах зээлээс арчигдахгүйгээр стандартын шаардлага хангуулж, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангуулаад өөрийнхөө үйл ажиллагаанд тохирсон стандартыг нь чөлөөтэй тавьж байгаагаар бизнес эрхлэгчдэд илүү боломж нь нээгдэж байгаа юм.

Ярилцсан

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn

Зочин

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал