Ж.Энхбаяр: Мэдээлэл технологийн салбар бол бага зардлаар асар их үр дүнд хүрч болох салбар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2018.04.27

Ж.Энхбаяр: Мэдээлэл технологийн салбар бол бага зардлаар асар их үр дүнд хүрч болох салбар

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүний санаачлан боловсруулсан “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Дэлхий ертөнцөд аж үйлдвэрийн 4-р хувьсал буюу мэдээлэл технологийн шинэ хөгжлийн шат бий болсонтой холбогдуулан 2030 он гэхэд дэлхийд 800 гаруй сая хүн ам уламжлалт ажлын байраа алдах магадлалтай судлаачид тогтоосон байдаг. Хамгийн өндөр хөгжилтэй 25 орны 23 нь мэдээлэл технологийн салбараар тэргүүлдэг. Мөн шилдэг 10 компанийн 8 нь мэдээлэл технологийн компаниуд байгаа нь энэ салбарын хөгжлийг ямар шатанд явж байгааг илтгэнэ.

Цахимжалтын ач холбогдлын талаар жишээ дурдахад 1.3 сая хүн амтай Эстон улс цахим засаглалаараа тэргүүлэгч орон болсны үр дүнд ДНБ нь 27 тэрбум доллар болтлоо өссөн байна. Нэг хүнд ногдох орлого нь 20 мянган гаруй доллар гэсэн үг юм. Бас нэгэн жишээ дурдахад 5 сая хүн амтай Гүрж улс.

Тус улс хамгийн түрүүнд засгаа цахимжуулж, 3-4 сар болдог байсан тусгай зөвшөөрлийг 3-4 хоногт олгодог болж, үүнийгээ дагаад хүнд суртал, хээл хахууль бүрэн устсан гэх үнэлгээ авсан байдаг. Аялал жуулчлалынхаа зорчих визийг цахимаар өгснөөр 72 цагийн дотор шийдэж, жилдээ 8 сая орчим жуулчин хүлээж авдаг болжээ.

Монгол Улс өмнө нь цахимжалттай холбоотой алхам хийж байгаагүй юу? гэвэл үгүй. Цахимжуулалтын үр ашгийн Монгол Улс хүртсэн 2 жишээ бол ТҮЦ машин болон И-баримт. Төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар олгодог болсноор жилд сая гаруй иргэн 4 сая хүртэлх лавлагааг бичгийг ТҮЦ машинаар цаг хугацаа алдалгүй авдаг болсон. И-баримтын систем гарснаар далд эдийн засгийг илрүүлж 500 гаруй тэрбум төгрөг төсөвт нэмэгдэж орсон байна.

Хэдийгээр ахиц дэвшил байгаа ч Монгол Улсын хувьд одоог хүртэл дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах хэмжээний мэдээлэл технологийн орчин бүрдээгүй байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1 тэрбум гаруй долларын зээл тусламжийг бид технологийн салбарт зарцуулсан ч хөгжлийн хурд, нөлөөлөл нь боломжит хэмжээ, хүрээнд хүрэхгүй байна.

Тиймээс иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулснаар дээрх асуудлууд эерэгээр шийдэгдэнэ гэж тогтоолыг төслийг санаачлагчид үзжээ.

УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Дэлхий нийт технологийн салбараа маш сайн ашиглаж, хөгжиж байна. Бид үүнтэй зэрэгцэх хэрэгтэй. Шинэ үеийнхэндээ боломж гаргаж өгөх хэрэгтэй байна.

2 сая гаруй ухаалаг утас, 2.5 сая facebook хэрэглэгчид, 200 мянга гаруй twitter хэрэглэгч гээд цахим өөрчлөлтөд нийгэм бэлтгэгдэж байна. Үндсэндээ иргэд ухаалаг утас, цахим орчинг ашиглаад төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.


Монгол Улсад мэдээлэл, харилцааны технологийн салбарт нэгдсэн бодлого байхгүй, энэ салбарын байгууллагуудын уялдаа сул, хяналтгүй байгаа юм. Иймд Түр хороо байгуулаад мэдээлэл, харилцаа, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх, нэн түрүүнд цахим засаглалыг хэрэгжүүлж төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсал хийх бодлогыг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэж жилийн хугацаанд ажиллахаар зорьсон.


Түр хороо байгуулагдвал мэдээлэл технологийн давуу талыг ашигласан бодлого гаргана. Хуулийн төсөл оруулж ирнэ. Төрийн үйлчилгээг шуурхай болгох санал гаргана. Гадаадад ажиллаж байгаа чадвартай  боловсон хүчнүүдээ дайчилна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Энэ салбар босоо биш хөндлөн салбар. Бүх салбарт холбоотой. Улс орнууд энэ салбар луу ороод эхэлчихлээ. Манайд зохион байгуулалт алга. Бид шилэн кабелаа сайн ашигласан.Үүнийг нэгдсэн бодлогоор бүх салбартаа ашиглах хэрэгтэй.


Кибер аюулгүй байдлыг үндэсний системээ хамгаалдаг, довтолгоог илрүүлдэг, шаардлагатай бол хариу цохилт өгч чаддаг чадавх бүхий үндэсний алба бий болгох ёстой. Ингэж байж аюулгүй байдлаа хангана.


Эхний ээлжид төрийн албаны бүтцийг үр дүнтэй, уялдаатай, зөв зохион байгуулалтад оруулан саналыг оруулж ирнэ. Улмаар төрийн албыг ил тод хүртээмжтэй, авилгаас ангид, төр иргэний хооронд бүхий л харилцааг хүнд сурталгүй, шуурхай олгох том зорилтыг хэрэгжүүлнэ.


Мэдээлэл технологийн салбар бол зөв зохион байгуулалтаар ажиллавал бага зардлаар асар их үр дүнд хүрч болдгийг хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд бүгд мэдэж байна. Тиймээс цаг алдахгүй, цахим шилжилтийг яаралтай хийх шаардлагатай.