Хүрэлбаатар.Ч З.Нарантуяа 2018.04.27 | Сайт: Vip76.mn

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна. Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20, 2016 онд 29.6 хувь болж 10.0 пунктээр нэмэгдсэн.  Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувь олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.

Тогтоолын төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, санал хэлжээ. Гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмж бол Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого тул хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа эсэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд олгохоор ОУВС-тай тохирохдоо бусад халамжийн арга хэмжээнүүдийн төсвийг хасах уу гэдгийг илүүтэй асуусан байна. Санал хураахад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.