Оюунхорол.Д Хүрэлбаатар.Ч 2018.04.27 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгө гэр бүлийн зардлыг хуваалцаж байгаа шударга мөнгө

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны төвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна.

Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувь олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Хүүхдийн мөнгийг улс төржүүлж болохгүй. Хамгийн шударга гэр бүлд очиж байгаа мөнгө бол хүүхдийн мөнгө. Хүн амаа өсгөх бодлоготой. Анхааралтай хандаж шийдвэр гаргаарай. Хүн ам хангалттай өсөж чадахгүй байгаа. Цаашдаа 5, 5 жилээр буураад явна. 2030 онд МУ-ын хүн амын насжилт нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг. Хүүхдийн хөгжлийг нэмэгдүүлэх бодлого гэж харах хэрэгтэй. Орлого багатай гэр бүл олон хүүхэдтэй байдаг. Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хэрэгтэй гэсэн бодлого гэж үзээд боломж харах хэрэгтэй. Төсвийн хуулийг зөрчсөн хууль гэж байхгүй. Б.Одончимэд сайд хүүхдийн мөнгийг буруу зүйлд зарцуулаад огцорч байсан. Төсөвт тодотгол оруулж болох уу?

УИХ-ын гишүүн, Сангийн яам Ч.Хүрэлбаатар: Б.Одончимэд сайдын огцорч байсныг санаж байна. Өөр хууль, өөр зохицуулалтаар явж байсан.Одоо хууль эрхзүй өөрчлөгдсөн.Төсөв тодотгох хууль эрхзүйн орчин байхгүй. Одоогийн хуульд нийцэж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол :Олон хүүхэдтэй гэр бүл, хүүхдүүдээ дэмжиж ирсэн. Энэ бодлого үргэлжилж байна.