Н.Энхболд 2018.04.27 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байхаар боллоо. Энэ удаа Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн Улсын нисэхийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, улсын нисэхийн нислэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.  

“Улсын нисэхийн тухай” хууль нь 2003 онд батлагдсан бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

Уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Үүнд:

1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрхийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхэд тусгасан. /5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт/

2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, батлуулахаар тусгагдав. /18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

3.Улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болох эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмсэн. /14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/

4.Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулагдах харилцаа шинээр тодорхойлогдсон. /7 дугаар зүйл/

5.Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны болон шалгалт-туршилтын нислэгийн ангилал шинээр нэмэгдэж, нислэгийн ангилал тус бүрийн зохицуулалт нарийвчлагдсан. /10 дугаар зүйл/

6.Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдсан. /11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь хэсэг/

7.Сургууль-байлдааны нислэгийн осол зөрчлийг зөвхөн улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс шалгах зохицуулалт бий болсон. /18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/

Хүрэх үр дүн:

 -Улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой болно.

-Улсын нисэхийн агаарын хөлгийн нислэгийн ангилал, төрөл шинээр тодорхойлогдоно.

-Шинээр байгуулагдсан Агаарын цэргийн командлалын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бий болж, эрх зүйн зохицуулалт сайжирна. 

-Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдана.  

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэ