2018.04.27

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд У. Хүрэлсүх танхимийн хоёр сайдыг огцруулах саналаа Засгийн газарт хүргүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  Ерөнхий сайд У. Хүрэлсүх танхимийн хоёр сайдыг огцруулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна.  Энэ талаар УИХ-ын бусад гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ:  Хоёр сайдын асуудлыг  ийм байдлаар яриулахгүйн тулд сайдыг дангаар нь өргөн барих асуудлыг болиулсан.  Ерөнхий сайдтай, Засгийн газартай холбоотой асуудлыг ярихын тулд огцруулах асуудлыг хөндөж байгаа улс төр юм байна гэж миний хувьд үзэж байна.  Гэхдээ үндэслэлтэй байх тохиолдолд хариуцлага тооцох зүйлүүд бол байх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бид бол огцрох, огцрохгүйн талаар яриагүй.  Төсвийн байнгын хорооны гишүүд бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгаа зүйл нь Сангийн сайд өөрөө цаг хугацаа нь тулсан асуудал юм, салбарын амин чухал асуудал гэх мэтээр бүлэг болон байнгын хороонд дээр гуйж асуудлуудыг шийдвэрлүүлсэн.  Дараа нь Сангийн яам хууль батладаггүй, УИХ хууль батладаг, Би УИХ-ын батласан хуулийг хэрэгжүүлж байна гэж хэлдэг.  Мөн төсвийн байнгын хороон дээр “Би хууль зөрчөөгүй,  УИХ-ын гишүүд өөрсдөө хууль зөрчсөн” гэсэн зүйл хэлсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжаад, нийгэмд хүрсэн. Нийгэм ойлгохдоо Сангийн сайд хууль зөрчдөггүй, УИХ-ын гишүүд нь зөрчдөг юм байна гэж ойлгодог.  Тэгэхээр цаашдаа Сангийн сайд хууль зөрчсөн зүйл оруулж ирж, УИХ-ын гишүүдийг шахдагаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:  Тодорхой хуулийн заалт зөрчсөн зүйлийг бол олж хараагүй байна. Монголын төр засаг тогтвортой ажиллах хэрэгтэй. Монголын ард түмэн үргэлж улс төрчдийн санал8 суудлын төлөөх хэрүүл, маргааныг хараад баярладаггүй. Ийм маргаанд энгийн ард түмэн нь хождоггүй юм. Улс төрийнхөө соёлоор энэ асуудлаа шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.