А.Сүхбат 2018.04.30 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн А.Сүхбат Ерөнхийлөгчийн албан бичгийн хариуг илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргасан. 

Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,  Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хандсан энэхүү албан бичигтээ өнөөгийн Бөхийн холбоонд үүссээд байгаа зөрчил, тэмцлийг таслан зогсоохыг шаардсан юм. 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА албан бичигтээ

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархлын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай зүй бус үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлд орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ хүрээнд цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно. Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэсэн юм. 


 

Харин Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат өнөөдөр тус албан бичгийн хариуг илгээсэн байна. 

2018.04.30

Албан бичгийн хариу

Монгол Улсын Ерөнхийлөгч таны миний нэр дээр ирүүлсэн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Е/06 дугаартай албан бичигтэй танилцлаа. Юуны өмнө Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаад анхаарлаа хандуулж бидэнд төрийн бодлогын үнэтэй чиглэл өгсөнд гүнээ талархаж байна. Таны албан бичигт “Та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их Эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя” гэсэнтэй миний бие УИХ-ын гишүүн, Дархан аварга цолтны хувьд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.

Миний бие 1986 онд Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн удирдлагаар бөхийн чөлөөт барилдаанаар гараагаа эхэлж үндэсний бөхөөр хичээллэж 1990 оноос Улсын баяр наадамд үндэсний бөхөөр зодоглож бөхийн ертөнцөд хөл тавьсан билээ. Монгол Улсын Гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга цолонд хүртлээ зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж ард түмэндээ монгол бөхийн гайхамшиг, ур чадварыг харуулахын төлөө чин сэтгэлийг баримтлан, шулуун шударгыг эрхэмлэн тэмцэж ялж, ялагдаж явсан жирийн нэгэн тамирчин билээ. Гэтэл үндэсний бөхийн барилдаанд даваа наймаалцах, цолны найраа хийх явдал байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн билээ. Тэр нь залуу бөхчүүдэд ямар их дарамт учруулж, улсын алдар цолыг мөнгөний хэрэгсэл болгож үнэ цэнэгүй болгож байгаа нь ёс зүйгүй, шударга бус байдлыг даамжруулж байгааг үл тэвчиж тэмцсэн бөгөөд улмаар ид бяр мэх тэгширч байсан 35 насандаа зодог тайлахад хүрсэн билээ.

Монгол эрчүүдийн сүлд хийморь монгол бөхчүүддээ оршин байдаг. Монгол бөхийн барилдаан шударга сайхан, цэвэр өрсөлдөөн, цэнгэл баясалтай болж чадвал Монголын төр, иргэд олон түмэнд нөлөөгөө үзүүлнэ гэдэгт би бат итгэдэг хүн. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн зөрчил тэмцлийг таслан зогсоох тухай таны байр суурийг талархан хүлээн авч дэмжиж байна.

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсан зүйл байхгүй. МҮБХ-ны тэргүүнийг тойрсон маргааныг Монгол улсын гурван шатны шүүх шийдвэрлээд олон жил болж байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс арван зургаан жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг таслан зогсоох цаг нэгэнт болсон байна.

Хуулийг гууль болгож, худлыг үнэн болгож гүтгэлэг цацаж, иргэд олон түмэн, бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулж байгаа бусармаг явдлыг өөхшүүлж болохгүй. Эрхэм Ерөнхийлөгч таны зөвлөмжийн дагуу хуулийг чандлан баримталж, “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрмийн хүрээнд ойрын хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, “Их Эе”-ийн хуралдааныг товлон зарлаж хуралдуулахад миний бие хүчин зүтгэх болно.

ХҮНДЭТГЭСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ