Л.Энх-Амгалан 2018.04.30 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Оюутны эрдэм шинжилгээний хурал, Эссэ бичлэгийн уралдаанд МУИС-ийн оюутнууд тэргүүллээ

Оюутны эрдэм шинжилгээний хурал, Эссэ бичлэгийн уралдаанд МУИС-ийн оюутнууд тэргүүллээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, эссэ бичлэгийн уралдаан 2018 оны 4-р сарын 27-нд МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг ММНБИ, МУИС-ийн БС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 60 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний бага хуралд 6 сургуулийн 20 илтгэл ирснээс эхний шалгаруулалтаас 11 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм. 

Сургууль сургуулиас шалгарсан илтгэлүүдээс МУИС-ийн БС-ийн НББ-ийн 4-р курсын оюутан А.Өлзийжаргал “Компанийн ажлын капиталын удирдлагын зарим асуудал” сэдвээр тэргүүн байр, МУИС-ийн БС-ийн НББ-ийн ангийн оюутан Б.Лхагважаргал, У.Хулан нар “НӨАТ-ын хуулийн шинэчлэл нь аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайланд нөлөөлсөн байдал” сэдвээр II байр, МУИС-ийн БС-ийн НББ-ийн ангийн оюутан Д.Мандахсаран, Т.Дэлгэрмаа нар “Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн наалдамхай зардлын шинжилгээ” сэдвээр III байр эзэллээ. 

Тэргүүн байр эзэлсэн судалгаа хийсэн МУИС-ийн оюутан А.Өлзийжаргалын хувьд оюутны эрдэм шинжилгээний хуралд 4 дэх удаагаа оролцсон. “Компанийн ажлын капиталын удирдлагын зарим асуудал” сэдэвт судалгаагаа МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүдийн жишээн дээр хийжээ. Тэрбээр, “Ажлын капиталын удирдлагыг ямар түвшинд байлгавал компаниудын ашиг, үйл ажиллагаанд нөлөөлдөг вэ гэдгийг тодруулах зорилгоор энэхүү судалгаа хийлээ. Нягтлан бодогч хүн бүртгэж, тайлагнахаас илүүтэйгээр мэргэжлийн түвшинд шийдвэр гаргалт хийж байдаг. Ажлын капитал гэдэг ойлголт өөрөө эргэлтийн хөрөнгө, эх үүсвэрийн тухай ойлголт учраас нягтлан бодогч өдөр тутамдаа хамгийн их гаргаж байдаг шийдвэрийн төрөл.” гэж судалгаагаа тодорхойлсон бөгөөд, миний хувьд бусдад өөрийнхөө мэдсэнийг түгээх, шинийг сурч мэдэх, суралцах, судлах хүсэлтэй. Хамгийн гол нь судалгаа хийх болгонд шинэ зүйлийг сурч мэддэг. Тэндээс дараа дараагийн судалгаа хийхэд туршлага болж өгдөг, бас өөрөө хөгждөг, тэр нь гоё байдаг. Сэдэв сонгохоос эхлээд багш нар маань биднийг үнэхээр сайн дэмжиж тусалдаг.” гэж тэр хариулсан.  

 Шагнал гардуулах үеэр ММНБИ-ийн дэд захирал М.Соронзонболд оюутнуудад хандаж: “Судалгаа шинжилгээний ажлаа хэзээ ч битгий орхиорой. Та бүхэн өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй тухайн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход том хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Өнөөдрийн хийсэн судалгаа тань магадгүй таныг ирээдүйн амжилтад хөтлөж болох юм.” гэв. 

Эрдэм шинжилгээний бага хуралд хамгийн алсаас оролцсон судлаач нь Мандах их сургуулийн Дархан салбарын НББ-ийн 1-р курсын оюутан Т.Халиун байлаа. Шүүгчдээр СЭЗИС-ийн санхүүгийн албаны дарга, доктор С.Бямбахорлоо, ММНБИ-ийн НББАЗССХорооны менежер, доктор М.Мишигдорж, ХААИС-ийн НББ-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Одончимэг, МУИС-ийн багш, доктор Л.Оюунцэцэг, МУИС-ийн багш, доктор, Б.Алтан-Эрдэнэ нар ажиллалаа. 
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Нягтлан бодогчийн үнэ цэнэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүнг зарлаж, шагнал гардууллаа. Уралдаанд нийт 20 гаруй оюутны эссэ ирснээс МУИС-ийн БС-ийн НББ-ийн ангийн оюутан Б.Лхамсүрэн тэргүүн байр, СЭЗДС-ийн НББ-ийн ангийн оюутан Д.Энхцэцэг II байр, МУИС-ийн БС-ийн НББ-ийн ангийн оюутан Д.Урангоо III байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.