Ц.Даваасүрэн 2018.04.30 | Сайт: Vip76.mn

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын эрчим хүчийг 3 жилийн турш гааль болон НӨАТ-ийн албан татвараас чөлөөлнө

Өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон.

Ховд, Увс, Баян-Өлгийн болон Говь-Алтай аймгуудын зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 116.3 төгрөг, БНХАУ-аас 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр буюу нийт 199 төгрөгөөр худалдан авдаг байна. Харин хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг байгаа нь юм. Энэ нь 1 кВт тутам 96.7 төгрөгний алдагдал хүлээхэд хүргэдэг аж. Энэхүү алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чаддаггүй байна.

Тиймээс УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 12 сарын 13-нд өргөн мэдүүлж, УИХ яаралтай горимоор хэлэлцсэнээр 12 сарын 22-нд батлуулсан.

Хууль батлагдсанаар 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх 3 жилийн хугацаанд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлж байна. Ингэхдээ 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлөх юм байна.

Дашрамд дурдахад, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийт 25.8 тэрбум төгрөгийн улсын төсвөөс татаас олгосон байдаг аж.

Харин цаашид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд ямар бодлого баримтлах талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Усны эх үүсвэртэй буюу усан цахилгаан станц барих чиглэлд ач холбогдол өгнө. Тухайлбал, Ховд голд Эрдэнэбүрэнгийн 64мВт, Тавалтайн 60 мВт-ын усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Мөн Увс аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болсон. Энэ эх үүсвэр бий болсноор баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах бүрэн боломжтой” гэсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn