2018.05.01

УИХ агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх вэ?

Өвлийн хүйт орохтой зэрэгцээд агаарын бохирдлын асуудал иргэн бүрийн санааг зовоосон асуудал болж хувирдаг. Хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай, дорвитой арга хэмжээг авах шаардлага тулгарч байгааг харуулж байна. Та санаж байгаа бол энэ оны 12 сард гэхэд л Улаанбаатар хотын Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 2328 буюу “маш их бохирдолтой” гэсэн зэрэглэлд багтаж байсан. Энэ бол гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээгдэж буй Бээжингийн агаарын бохирдлоос даруй 4.6 хувиар өндөр үзүүлэлт юм.

Агаарын бохирдлоос үр хүүхдүүдээ хамгаалахыг хүссэн эцэг эхчүүдийн жагсаал өрнөж, цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч багагүй шуугисан. Төр засгийн удирдлагууд ч агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрснийг албан ёсоор мэдэгдэж, яаралтай арга хэмжээ аван ажиллахаа ард иргэддээ амлаж байсан юм.

Үүнтэй хобоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулах талаар санал гаргасан. Ингээд тэр өдөртөө УИХ-ын даргын зөвлөл яаралтай хуралдаж “УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар ажилласан.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр

Ажлын хэсэг сар гаруйн хугацаанд ажиллан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. “Энэ тогтоол бол Засгийн газрын зайлшгүй заавал хэрэгжүүлэх ёстой эрх зүйн акт” хэмээн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэлсэн юм.

1 сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан уг тогтоолын төсөл нь агуулгын хувьд 2 хэсэгтэй байна.

УТААТАЙ БАЙГАА НӨХЦӨЛД ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ АСУУДАЛ ДЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОГИНО ХУГАЦААНЫ АРГА ХЭМЖЭЭ

-АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ

Агаарын бохирдлыг бууруулах, агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, олон улсын дэвшилтэт техник технологийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагаас гаргасан аливаа санал санаачилга, үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж, татварын болон санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, хотын ногоон байгууламжийг өргөтгөх, хог хаягдлын менежментийг сайжруулах

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АМРАЛТЫН ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨХ

Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх.

ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНДАА АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

-ТӨРИЙН ЗАХИРГААН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх, агаар орчныг бохирдуулж байгаа асуудалд хариуцлагын тогтолцоог цогц тодорхой тусгасан шинэ хуулийн төсөл, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж, өргөн мэдүүлэх

-ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх, аян өрнүүлэх, дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төрийн зарим байгууллага болон төрийн өмчит их, дээд сургуулийг хотоос гаргах, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийж, нийслэл хотын зарим чиг үүргийг аймгийн зэрэглэлтэй болон дагуул хот руу шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэрийг гаргах

-ТӨСӨВ

Төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих, зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх

-ДЭД БҮТЭЦ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох, аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах