Д.Оюунхорол 2018.05.01 | Сонин: Монголын үнэн

Д.Оюунхорол: Хувийн сонирхлоороо төрийн албаныхны нэр хүндэд халдах нь буруу

Д.Оюунхорол: Хувийн сонирхлоороо төрийн албаныхны нэр хүндэд халдах нь буруу
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

АТГ-ын даргын үүрэгт хугацаа нь дуусч байгаа тул ажлаас нь чөлөөлж, тус газрын даргыг иргэдийн санал асуулгаар тодруулахаа Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдээд байна.

Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар 2016 оны долоодугаар сард томилсон гэж үзвэл түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах юм. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчдын үзэж буйгаар одоогийн дарга нь хүний оронд томилогдсон учраас үүрэгт хугацаа нь дууссан гэж үзэж байгаа юм. АТГ-ын өмнөх дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Тиймээс УИХ-аас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг томилохдоо Н.Ганболдын оронд нөхөн томилоогүй учир АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд хэлж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

“АТГ-ын даргын үүрэгт хугацаа дууссан эсвэл өөрөө өргөдлөө өгөөд татгалзсан бол чөлөөлж болно. Гэтэл хугацаа нь дуусаагүй, өөрөө асуудалд орооцолдоогүй. Магадгүй, авлигын торон сүлжээнүүдийг шийдвэрлэхийн тулд зоригтой, тодорхой арга хэмжээ авахаар зарим нэг хүнд таалагдахгүй байж магадгүй. Тиймээс хувийн сонирхолдоо нийцүүлж, төрийн алба хашиж буй хүмүүс болон хууль хяналтын байгууллагын нэр хүндэд шууд халдахыг буруу гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

М.ЭНХ