Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын зарим гишүүдийг хүлээн авч уулзав
2012.05.14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын зарим гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ өнөөдөр УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нарыг хүлээн авч уулзаж ярилцлаа. Энэхүү уулзалтын тэмдэглэлээс хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Монгол Улсын Ерөнхийлөгч таныг УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэнд, амь насны асуудал онц ноцтой, хүнд байдалд байгаа тул Ерөнхийлөгч тантай уулзаж, тодорхой хүсэлт тавьж байна. Өчигдөр 17 цагийн байдлаар монгол улсын тэргүүлэх эмч нарын гаргасан дүгнэлтийг үзэхэд Н.Энхбаярын бие организмын нэлээн хэсэг нь үхлийн байдалд шилжиж байна. Энэ дүгнэлт гарснаас хойш дахиад 24 цаг болж байна. Монгол Улсын төрийн тэргүүн таныг МУ-ын Ерөнхийлөгч байсан, ҮАБЗ-ийн дарга байсан энэ хүний бие эрүүл мэндийн байдал секунд минутаар хэмжигдэж байгаа энэ үед та тодорхой байгууллага хууль хүчний байгууллагатай ярьж хөөрч, ҮАБЗ дээр ярьж арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсч байна.

Бид хууль хүчний байгууллагын хүмүүстэй уулзах гээд чадахгүй байна. Бид ч уулзах шаардлагагүй байх. Өмгөөлөгч нараар нь дамжуулаад харьцаж байгаа. Өнөөдөр бол Энхбаяр даргын өлсгөлөнгийн талаар бид ямар нэг байдлаар нөлөөлөх гэж олон талаас нь оролдож байна. Гэр бүл, өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаа. Харамсалтай нь АТГ, прокурор, шүүх бидэнд зөвшөөрөл өгөхгүй байна.

ЭМЯ-ны зөвлөх эмч нарын багийн хувьд, өлсгөлөнгөө зогсоо гэсэн хатуу байр суурьтай байгаа. Н.Энхбаяр өөрөө бол, улстөрийн өлсгөлөн зарлахдаа 5 шаардлага тавьсан, харамсалтай нь ямар нэг байдлаар энэ таван шаардлагыг авч үзэж ярилцах хандлага байхгүй байна. Тийм учраас энэ өлсгөлөнгөө зогсоох боломжгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Амь насных нь асуудал ийм байхад хүлээн авч уулзсанд талархаж байна. Таныг дэмжлэг үзүүлнэ байх аа гэж найдаж байна.

Ч.Улаан: Өнөөдөр энэ хүний амь нас эгзэгтэй байна. Бид эмч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж ярьж байгаа. Амь насыг нь аварч үлдэх асуудал л чухал байна. Цаг хугацаа минут мөчөөр хэмжигдэж байгаа энэ үед бид уулзаж болох хүмүүстэй уулзахыг хичээж байна. Амралтын өдөр ч таарчлаа, хүмүүс нь ч олдож өгөхгүй байна. Цаг хугацаа их алдаж байна. Урьд нь би гурван хүний амь авраад Танаас шагнал аваад их баярлаж байсан. Өнөөдөр монголын төрийн тэргүүн байсан хүнийхээ амийг аврахад хамтарч хүчин чармайлт гаргаач ээ гэж хүсч ирж байгаа юм аа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “ Хүний амь насны асуудал чухал байгаа. Гадаа тодорхой иргэд бас өлсгөлөн зарлаж байгаа, үүнд бас санаа зовж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Ер нь бол амь насаараа дэнчин тавьсан ийм тэмцлийн хэлбэр сонгохгүй байх талаар, эрүүл мэнддээ хохиролтой ийм арга замыг битгий сонгоорой, энэ талаар бодох ёстой гэдгийг би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хэлсэн. Нөлөөлж болох арга зам байгаа бол та бүхний зүгээс энэ өлсгөлөнг зогсоох тал дээр тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа юм.

Ер нь өлсгөлөн гэдэг бол өлсч байгаа хүн өөрөө эхэлж санаачилж өлсгөлөнгөө зарладаг, өөрийнх нь л зогсоох асуудал шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн бол өөрөө өлсч байгаа. Тэр хүнийг аль нэгэн төрийн байгууллага юм уу, хүмүүс өлсөхийг шаардаагүй. Амь насанд нь нэгэнт эрсдэл учирч байгаа үед эмчилгээ хийлгэх ёстой. Үүнийг нэгдүгээрт хэлэх ёстой гэж бодож байна.

Хоёрдугаарт хэлэх зүйл бол, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Саяын энэ тавигдаж байгаа асуудал, батлан даалттай холбоотой асуудлыг авч үзэхээр, энд Н.Энхбаяр гэдэг хүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас энэ асуудлыг тусад нь авч үзээч гэдэг асуудал байх ёсгүй. “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, Энхбаяр гэдэг хүн илүү эрхтэй” гэдэг зүйл заалт байхгүй. Монголд шударга ёс тогтооё л гэж байгаа бол хуулийн шударга хэрэгжилтээс зугтах хэрэггүй. Хуулийн тэгш хэрэгжилтийг л шударга ёс гэж нэрлэж байгаа.
Өлсгөлөнтэй холбоотой асуудлыг өөрөө зогсоож болно, батлан даалтын асуудлыг хуулийн байгууллага шийдэж болно. Энэ бол Ерөнхийлөгчийн шийддэг асуудал биш. Ерөнхийлөгч аль нэг нам, эмнэлэг, дарга, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй. Харин төрийн зүгээс хуулийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой.

Ийм л бодолтой байгаа. Бид өмнө нь эрүүл мэнддээ халтай алхам битгий хийгээч ээ гэдэг энэ асуудлыг өөрт нь хандаж тавьж байсан. Та бүхэн өөрт нь өлсгөлөнгөө зогсоох талаар ярьж хэлж, арга хэмжээ авах нь зөв байх. Амь насанд нь халтай болсон бол эмчилгээ хийлгэх ёстой гэсэн ийм байр суурьтай байна.

О.Чулуунбат: Хүссэн ч хүсээгүй ч улстөрийн энэ байдал нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Нийгмийг ингэж бухимдуулж, хүмүүсийг хооронд нь зөрчилд оруулмааргүй л санагдах юм. Та бол Ерөнхийлөгч, эв нэгдлийн билэгдэл. Та бол олон энэрэнгүй алхам хийж байгаа, бид мэднэ. Цаазаар авах ялаас татгалзсан, бид энэ чиглэлд явж байна, монгол даяараа мэдэж байна. Гэхдээ нийгэм бухимдаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ч бай, жирийн иргэн ч бай бид адилхан л хандах ёстой шүү дээ. Хуулийн дагуу хүний эрхийг хангана гэдэг үнэхээр чухал зүйл. Үүнийг л ардчилал гэж байгаа юм. Хууль зөрчсөн хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцоход бид нөлөөлж болохгүй. Үүнийг дахиад л ардчилал гэж байгаа юм.

Бид эвтэй байх ёстой, асуудлаа ойлголцдог байх ёстой, түүнийг ойлгож байна. Гэхдээ энэ бүхэн хууль, шударга ёсны үндсэн дээр л явж байх ёстой. Тэгэхээр миний хэлэх зүйл бол, эрүүл мэнд амь насандаа халтай ийм зүйлийг битгий цааш нь үргэлжлүүлээч ээ, ийм зүйл гаргах хэрэггүй ээ, хууль хяналтын хийж байгаа ажилд ямар нэг хүндрэл учруулсан, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлсөн зүйл гаргаж хэрэггүй ээ гэж байгаа юм. Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд буруу зөрүү зүйл байгаа бол шийддэг газар нь нэг л байгаа. Шүүх дээр очоод л шийднэ.

Тэгэхээр Н.Энхбаяр ерөнхийлөгчийн хувьд бас энэ гаргаж байгаа байр суурийг харж байхад, өмнө нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан, дуудаад ирдэггүй байсан, асуух гэхээр болдоггүй байсан. Батлан даалтад гарна гэдэг бол хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй ээ гэж тодорхой хүмүүс батлан даадаг, тэр батлан даалтыг хүсч байгаа иргэн өөрөө энэ амлалтаа бичгээр өгдөг байгаа шүү дээ. Тэгэхээр батлан даалтад гаргая гэж байгаа бол шууд хуулийн байгууллагад журмынх нь дагуу хандах ёстой гэж үзэж байна. Тэгээд дахиад хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр монголд хууль гэдэг юм тэгш хэрэгждэг ийм л нөхцөл байвал асуудал хүндрэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

Д.Тэрбишдагва: Хууль хяналтын байгууллагад хандсан. Батлан даалтад гаргах асуудлаар өмгөөлөгчөөр нь дамжуулаад, шүүх прокурор, АТГ-т хандсан.

Хоёрдугаарт та нөлөөлөх асуудал ярилаа. Журмын нөхөд нь, олон жил хамт ажилласан нөхөд нь өмгөөлөгчөөр нь дамжуулаад уулзах хүсэлтээ тавьж байгаа. Бид хүсэлт тавиад одоо болтол уулзуулахгүй байна. Одоо бол өлсгөлөн зарлаад 10 хонолоо. Нөлөөлөх, ярих боломж олгоогүй учраас хууль хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байна. Амь нас нь эрсэдсэний дараа шүүхийн байгууллага буруу ажиллалаа гээд маргаан үүсгэж болно л доо. 10 хоног хэлэн дээрээ нэг ч ус тавиагүй энэ хүнийг одоо ятгана гэхэд хүндрэлтэй юм байна лээ. Эмч нартай ярьж байхад, эхний 3-4 хоногт л ятгахгүй бол, олон хоночхоор өөрийнх нь тархи ой санамжинд “би өлсөх ёстой” гэсэн санамж үлдчихээд, бусад эд эрхтэн үхлийн байдалд орж эхэлдэг гэж байна.

Дараагийн нэг зүйл бол, бид ямар нэг байдлаар шүүхийн өмнө ижил тэгшээр хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид сайн ойлгож байгаа. Би Улаанбаатар хотын иргэдтэй хийсэн уулзалт дээр очсон, тэнд таны хэлснийг сонссон.
Гэхдээ өчигдөр ОУ-ын Эмнести Интернэйшнл байгууллага албан ёсоор мэдэгдэж, олон улсын хүний эрхийн хуульч ирээд, мөрдөн байцаалтын үед зугтаж магадгүй тул хорих шаардлагатай гэдэг шийдвэр гарсан байна, харин одоо мөрдөн байцаалт дууссан, хорих хууль эрхзүйн шаардлагагүй үед хориод байна гээд байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчөөд байна. Тэгэхээр бид одоо хууль зөрчсөн, зөрчихгүй гэж маргахаас илүү хүний амь настай холбогдуулаад тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол, амь нас дууссаны дараа бид шүүх, хуулийн байгууллагын буруу зөвийн талаар ярих нь утгагүй болчих гээд байна л даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагын хүмүүст би сануулж хэлж байсан. “Та бүхний үйл ажиллагаа нээлттэй ил тод байх ёстой. Хүний эрхийг дээд зэргээр хангах ёстой. Мөн олон улсын байгууллагууд, гадна дотны хуульчид манай нөхцөл байдалд санаа зовоод ирж байгаа бол хүлээж аваад уулзах хэрэгтэй. Байгаа нөхцөл байдлаа танилцуулаад, хуулиа танилцуулаад уулзах хэрэгтэй. Шалгуулж байгаа иргэний хувьд ар гэрийнхнийх нь хүсэлтэд хүнлэг энэрэнгүй хандах ёстой” гэдгийг би хэлж байгаа гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.