Лүндээжанцан.Д Д.Тогтохсүрэн Эрдэнэбат.Д Ж.Мөнхбат 2018.05.02 | Сайт: Vip76.mn

ИТХ-ын ГУРАВНЫ НЭГ НЬ төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно

Өнгөрсөн намрын чуулганаар нилээд маргаан дагуулж батлагдсан хууль бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль юм.

2017 оны 12 сарын 7-нд батлагдсан тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ГУРАВНЫ НЭГ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломж бүрдсэн.

Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2016 оны 12 сарын 28-ны өдөр өргөн барьжээ.

Өмнөх хуулиар төрийн захиргааны албан тушаалтан иргэдийн төлөөлөгчдийн хуралд орох боломжгүй байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг эргэн сөхвөөс манай улсад 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэр, орон нутгийн нэгжийн тухай хууль шинээр гарсан. 1992-2008 он хүртэл ИТХ 100 хувь төрийн албаны албан хаагч байж болохоор байсан. Харин 2008 оноос 2017 он хүртэл 100 хувь байж болохгүйгээр заасан юм. Засгийн газрын зүгээс хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихдаа тэнцвэржүүлж, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг зарчмын үүднээс гуравны нэг гэж оруулсан байна.

Харин хуулийн төслийг хэлэлцэх явцад Ардчилсан намын зүгээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах санал гаргаж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. “ИТХ-ын төлөөлөгчид улстөрийн нам эвслээс төлөөлөн тухайн орон нутагтаа сонгогддог бөгөөд тус орон нутагтаа өөрийн нам эвслээ төлөөлөн хамгийн ихээр улстөрийн үйл ажиллагаанд оролцдог. Төрийн албан хаагч гэдэг бол мэрит зарчимтай улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс энэ хуулийн заалт үндсэн агуулгын том зөрчлийг агуулж байна” хэмээн УИХ дахь АН бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. Мөн тэрээр “Өнөөдрийн байдлаар зөвхөн аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Тиймээс зөвхөн 60 хүнд үйлчилсэн хуулийг эрх баригчид санаачилж оруулж ирж байна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл” гэдгийг онцолж байсан.

Харин хуулийг батлах нь зөв гэсэн байр суурьнаас УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: “Нэгдүгээрт, нутгийн өөрөө удирдан ёсны байгууллага буюу ИТХ-ын чадавхийг сайжруулах шаардлагатай байна. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн зарчим гарч ирж байна. Гуравдугаарт, чадвартай хүмүүс нь ИТХ-д орж, улс төрийн намын гишүүн болсныхоо төлөө үндсэн хуулиараа олгогдсон ажил эрхлэх, төрд алба хаших үндсэн эрх нь зөрчигдөж байна. Давхар дээл гэж яриад байна. ИТХ бол орон тооны бус. Тэр байтугай аймаг, сум, дүүрэгт үйл ажиллагааны зардлал гэж байхгүй” гэсэн юм.

Мөн ИТХ төрийн албан хаагч байж огт болохгүй байх нь ямар сөрөг үр дагавартай талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: “Хоёр сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт нь аймаг, нийслэл, дүүргийн ИТХ гайгүй, харин сумын хурлын чадавхи эрс муудсан. Суманд байгаа жижиг худалдаа хийдэг хэдэн хүн, ихэнх нь малчид ИТХ-д орсон. Ингээд төрийн бодлогыг тодорхойлох, иргэдийн тулгам­даж байгаа асуудлыг тодорхой болгож гаргаж ирэх, түүнийг шийдвэрлэх арга замыг олох зэрэг дээр чадвар дутмаг болж байгаа юм. Мөн ИТХ-ын төлөөлөгч орон тооны бус байдаг. Жилд хоёр удаа хуралд суухаас өөр ажил байхгүй. Тийм учраас ажилгүй иргэн болчихож байна гэсэн үг. Тийм учраас захиргааны байгууллагын давам­гайллыг бий болгохгүй” гэсэн юм.

Ийнхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн дунд маргаан өрнөсөн ч эцсийн хэлэлцүүлэг дээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдсан байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn