Бямбацогт.С Л.Оюун-Эрдэнэ 2018.05.02 | Сонин: МОНЦАМЭ

С.Бямбацогт: Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөнө

С.Бямбацогт: Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөнө
УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын чуулган болон УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудлыг өнөөдөр Төрийн ордонд хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Хуулийн төсөлд туссан зүйл, заалтын талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос тодруулсан юм.

-УИХ-ын гишүүний ёсзүйн асуудалд иргэд тун шүүмжлэлтэй ханддаг болсон. Энэ асуудал яагаад нийгмийн шүүмжлэлд хүрч, Төрийн ордонд хэлэлцэх хүртэл хэмжээнд хүрэв?
-УИХ-н гишүүн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаар ард түмнээс сонгогддог. Гэтэл сонгогдсон хойноо хуралдаандаа суухгүй, хуралдааны дэгийг зөрчиж, ёсзүйгүй байдал гаргаж байна гэсэн шүүмжлэл үнэхээр их байгаа. Ялангуяа УИХ-ын нэр хүнд сүүлийн үед унаж байна гэгдэж буй энэ үед Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр асуудалд дүгнэлт хийж, УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхдээ УИХ-ын гишүүний ёсзүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгож,  өргөсөн тангарагаа зөрчсөн бол хүлээх хариуцлагыг тогтоон, ажлаа чанартай шуурхай явуулахаар зохицуулалт тусгаж байгаа.  
-Гишүүдийн ирцийн асуудал байнга шүүмжлэлд өртдөг. Үнэхээр ч идэвх муутай гишүүд байдаг. Энэ талаар ямар зохицуулалт тусгаж байна вэ? 
-2012-2016 оны чуулганыг авч үзвэл эхний гурван чуулганд гишүүд 9800 орчим цаг тасалсан байдаг. 2016 оноос бүрэлдсэн чуулган эхний гурван чуулганд 1000 орчим л цагийн таслалттай гарсан. Өөрөөр хэлбэл энэ чуулган 10 дахин бага таслалттай байгаа. Гэхдээ шүүмжлэл, хандлага маш хүчтэй газар авсан хэвээр.
Тиймээс илүү идэвх, хариуцлагыг нэмэх зорилгоор чуулганы хуралдаанд суусан цагийнхаа 3.1-ээс хэтэрсэн таслалттай бол гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт орж байна. Хоёрдугаарт өөрийн биеэр ирж хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно. Мөн санал өгөх, үг хэлэхдээ хурууны хээгээрээ өгдөг болно. Ингэснээр хүний өмнөөс кноп дардаг “төгөлдөр хуур” тоглодгийг болиулна.
Мөн УИХ, байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа хүмүүс үнэн зөв, бодитой мэдээллийг өгдөг байх ёстой. Хуралдаандаа хүндэтгэлтэй хандахгүй, худлаа ярьж, бодит бус мэдээлэл өгч төрийг хуурдаг албан тушаалтнууд байх ёсгүй. Санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол огцруулах, төрийн албанаас халах үндэс болно.
-Ёсзүйгээ зөрчсөн гишүүдэд тооцох хариуцлагын талаар нарийвчилсан заалтуудаас онцолбол? 
-Хуралдаандаа суудаггүй гишүүнийг эгүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох, илт санаатайгаар хүн доромжилж, дэг зөрчвөл хуралдаанаас хөөж гаргах зэргээр хариуцлагагүй, ёсзүйгүй гишүүдийг дэгэнд нь огруулна. Хуулийн мухардалд ордог асуудлыг мөн зохицуулж байгаа. Цэц шийдвэр гаргаж, хуулийн заалтыг түдгэлзүүлсэн, шийдвэр цуцалсан бол 24 цагийн дотор УИХ-д ирүүлэх, УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн авсан бол 10 хоногийн дотор холбогдох хуульд өөрчлөлт оруулдаг болохоор тусгасан.
-Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөхөөр хуулийн төсөлд тусгасан байсан. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал төрийн энэ тогтворгүй байдал арилах боломж бүрдэх үү?
-УИХ 7 бүрэн эрхийн хугацаанд 14 Засгийн газар бүрдүүлсэн байдаг. 1992-2000 онд Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 19 сар, 2000-2018 онд 28 сар байсан. Засаглалын энэ тогтворгүй байдал УИХ, Засгийн газрын нэр хүндийг унагах, итгэл итгэлийг бууруулах гээд олон сөрөг талтай.   
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хуралдаанд оролцсон 66 гишүүний буюу 36-гийн саналаар буюу нийт 76 гишүүний 50 хүрэхгүй хувийн саналаар огцруулж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад 72 гишүүний 41 буюу 50-аас дээш хувиар огцруулсан. Энэ байдлаар тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн бус нийт 76 гишүүний 50-аас дээш хувь буюу 39-өөс дээш гишүүний саналаар огцруулдаг болохоор тусгасан.
Ингэснээр Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ. Эс бөгөөд 50 гишүүн хуралдаад 26-гийнх нь саналаар Засгийн газраа огцруулаад байж болохгүй. Мэдээж Үндсэн хуульд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, засаглалыг сайжруулах талаар зохицуулалт орно.
 -Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
 -Ирэх долоо хоногоос өргөн барина.
 Н.Гантуяа