Баделхан.Х 2018.05.02 | Сайт: Vip76.mn

5 сарын 1-нээс эхлэн үнэгүй газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгасан

УИХ өнгөрсөн долоо хоногт Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийн төслийг эцэслэн баталсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хууль  анх 2003 оноос мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн бөгөөд 2005 онд гурван жилээр, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох юм байна.

Иймд Засгийн газраас газар өмчлүүлэх хугацааг дахин 10 жилээр сунгах хуулийн төслийг боловсруулж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлжээ.

 УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан: “Хуулийн хугацаа дуусах дөхөхөд иргэд хэрэгцээтэй, хэрэгцээгүй хамаагүй маш олноор газар хувьчилж авдаг” хэмээн онцолсон. 2017 оны жилийн эцсийн байдлаар гэхэд л улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно гэснийг 25 жилд  болгон өөрчлөхөөр болжээ.

Харин хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн хэрэгжилт яагаад хангалтгүй байгааг холбогдох албаныхнаас асууж байсан. Тодруулбал Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн талаарх судалгаанаас үзэхэд хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авсан бол, хууль хэрэгжсэн нийт 10 жилийн хугацаанд иргэдийн 17.57% нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Энэ асуултад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү: “Нийслэл болон хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд хашааны газраа өмчлөөд авсан. Хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн газар байхгүй учраас иргэд газар өмчлөлд идэвхгүй хандаж байна” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn