Г.Тэмүүлэн 2018.05.03 | Сайт: Vip76.mn

Баяжуулсан хүнсний тухай хуулийг эцэслэн баталлаа

Баяжуулсан хүнсний тухай хуулийг эцэслэн баталлаа

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн БОХХАА-н байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Тус байнгын хороо 2018.05.02-ны өдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох, хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх, дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, мөн төслийн 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүд байсангүй. Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.0 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.