Оюундарь.Н 2018.05.03 | Сайт: Vip76.mn

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төслийг АБГББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 2-нд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүн долоон гишүүнтэй байхаар тогтоолын төсөлд тусгасан ч 20-иод гишүүн тус хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлээд байгааг Байнгын хорооны дарга дуулгасан. Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр түр хороо 13-аас илүүгүй гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн бол Н.Оюундарь нарын гишүүд түр хорооны гишүүдийг тоогоор хязгаарлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг учир гишүүдийн тоо Байнгын хороотой адил байх нь зүйтэй гэсэн асуудлыг ч хөндөж ярилцсан. Ингээд түр хороог байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, бүрэлдэхүүнд багтах гишүүдийг намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн тогтжээ.

Байнгын хороон санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Мөнхбат нар асуулт асуулаа.

Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.