УИХ-ын гишүүд  Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
2011.10.14

УИХ-ын гишүүд Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва болон тус бүлгийн гишүүн Д.Одхүү, Л.Гүндалай, Д.Энхбат нар Монгол улсад айлчилж байгаа ХБНГУ-ын Бундестагийн Герман-Төв Азийн Парламентын бүлгийн дарга, хатагтай Дагмар Энкельманн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа. 

Уулзалтын эхэнд Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва Бундестагийн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны парламентын түвшинд найрсаг хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцоллоо. Тэрбээр цааш нь хэлэхдээ, УИХ дахь Монгол-Германы бүлэг нь 21 гишүүнтэй, хамгийн өргөн бүрэлдхүүнтэй бүлэг ажилладаг төдийгүй УИХ-ын гишүүд тус улсад айлчлах бүртээ Бундестагийн гишүүдтэй байнга уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсоор ирлээ.

Одоогоор та бүхнээс ирүүлсэн манай парламентын бүлгийн гишүүдийг тус улсад айлчлах урилгыг бид талархан хүлээн аваад байна. Манай бүлгийн 8 гишүүн танай улсад энэ оны 12 дугаар сард айлчилна. Энэ удаа Бундестагийн гишүүд ХБНГУ-ын Холбооны канцлерын Монгол улсад хийж буй айлчлалын бүрэлдхүүнд ирж байгаа бол Бундестагийн Герман-Төв Азийн Парламентын бүлгийн гишүүд ирэх жил манай улсад албан ёсны айлчлал хийх урилгатай байгаа. Айлчлалын үеэр бид ямар сэдвээр ямар асуудлыг хөндөх талаар бүлгийн гишүүдтэй ярилцаж байгаад албан ёсны саналаа ойрын хугацаанд та бүхэнд илгээнэ гэлээ.

Төлөөлөгчдийн тэргүүн, хатагтай Дагмар Энкельманн хэлэхдээ хорин жилийн өмнө Монгол улсад айлчилж байсан бөгөөд тэр үеэ бодвол Улаанбаатар хот эргээд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Харин автобусны буудал дээр миний таньдаг хүн зогсож байхыг харлаа. Тэр хүн БНАГУ-д орчуулга хийж байсан, энэ өнөөдрийн уулзалтанд оролцож, бидний өөдөөс хараад сууж байгаа Л. Энхтайвантай уулзаж байгаадаа баяртай байна.

Хоёр орны өнө эртний харилцааг гүнзгийрүүлэхэд та бүхний хүчин чармайлт тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн бидний айлчлал нь ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын бүрэлдхүүнд орсон айлчлал бөгөөд ирэх жил Герман-Төв Азийн Парламентын бүлгийн гишүүд Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгаа. Харин одоо бид ирэх 12 дугаар сард болох Монголын парламентыг төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах ажилдаа ороод байгаа гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Одхүү хэлэхдээ, Европын улсуудаас Монгол улсад хамгийн элэгтэй улс бол Герман улс гэж ойлгодог. Монгол улс парламентын засаглалыг сонгохдоо Европын орнуудын парламентын системээс нэлээд зүйлийг нутагшуулсан гэж би үздэг. Түүний дотор Герман улсын Бундестагийн ажиллах систем, ялангуяа сүүлийн үед сонгуулийн системийг хүртэл нарийвчлан судалж, өөрийн оронд хэрэгтэй зүйлийг тусгах нь зүйтэй гэсэн саналууд ч гишүүдийн дунд байгаа. Би тэдэнтэй санал нэгддэг. Бид ийнхүү харилцан айлчилж мэдээлэл солилцохоос гадна цаашид гишүүд хоорондоо интернэт ашиглан санал бодлоо солилцох ажлын багтай болох нь зүйтэй юм гэж онцолсныг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.