О.Содбилэг: Томилогдож байгаа Элчин сайдууд Монголын улстөрийн бүтээгдэхүүн
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг
2018.05.04

О.Содбилэг: Томилогдож байгаа Элчин сайдууд Монголын улстөрийн бүтээгдэхүүн

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгтэй Монгол Улсын гадаад харилцааны талаар цөөн хором ярилцлаа.

-Монгол Улс газар нутгийн хувьд хоёр хөрштэй. Харин гуравдагч хөршөөр хэд хэдэн орныг хамтад нь авч үздэг. Хэрэв Орос, Хятадаас өөр улсад санал өгөх бол бид аль орныг дэмжих вэ?

-Гадаад бодлогын хувьд Монгол Улсад холбоотон гэсэн ойлголт байхгүй. Хоёр хөрштэйгээ тэргүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг. Харин гуравдагч хөршийн ойлголт нь найрсаг, дипломат харилцаатай, ардчилсан, чөлөөт улсуудтай адил тэгш авч үздэг. Түүнээс биш АНУ эсвэл ХБНГУ-ыг манай хамгийн мундаг гуравдагч хөрш гэж ярьдаггүй. Мэдээж бусад оронтой олон талаар харилцах хэрэгцээ байгаа. Энхийг сахиулах гэх мэт олон улсын санаачилгуудад нэгдэж байж Монгол Улсын статус гадаад харилцаанд илүү бэхэждэг.

-Эдийн засгийн харилцааг гадаад харилцаатай холбохгүй байхын аргагүй. Харин БНХАУ манай гадаад худалдаанд хамгийн их жин дардаг. Гэтэл иргэд хоорондын харилцаа нь тийм ч сайн биш. Аюулгүй байдал талаасаа харахад эдийн засгийн болон иргэд хоорондын харилцааны ялгаатай байдал нөлөөлдөг үү?

-Өмнөд хөрштэйгөө бид стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байгаа. Хоёр орны хооронд улс төрийн түвшинд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Мөн Монгол болон БНХАУ хоорондоо хилийн маргаангүй. Жишээлбэл, Филиппин, Вьетнам зэрэг орон БНХАУ-тай хилийн маргаантай байдаг. Энэ нь улс төрийн харилцааны маш том тээг болсоор байна. Манай эдийн засгийн хамгийн том түнш, зах зээл, импортын эх үүсвэр болсон оронтойгоо бид хэрхэн харилцаж, эдийн засгийн үр ашигтай ажиллахдаа анхаарах шаардлагатай болов уу. Түүнээс биш улс төр болон аюулгүй байдлын тавцан дээр өмнөд хөрштэйгээ ямар нэгэн асуудал байхгүй.

-Элчин сайдуудын томилгоо ид хийгдэж байна. Дипломатчийг бэлтгэх бодлого Гадаад харилцааны яаманд хамаарах байх. Гэхдээ та Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа мэр-гэжлийн боловсон хүчний асуудал их хурцаар тавигдах болсон. Чадварлаг, ажлаа мэддэг, туршлагатай мэргэжилтнээ бид олныг бэлтгэх хэрэггэй байна. Зарим оронд бүр “Дипломатчийн академи” байдаг. Түүндээ тус салбарт ажиллаж байгаа хүмүүсээ бэлдэж, сургадаг. Элчин сайдууцын хувьд бүх орнуудад байдаг ижил төстэй зүйл бол томилгоо нь улс төрийнх байдаг. Заавал мэргэжлийн дипломат албан хаагч Элчин сайд болох шаардлагагүй. Жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч нь гадаадад суух Элчин сайдуудаа томилж, явуулдаг. Манайд ч мөн адил Ерөнхийлөгч томилно. Гэхдээ УИХ-аар баталгаажих ёстой. Элчин сайдуудын чадвар, мэргэшил, туршлагын талаар янз бүрийн л юм яригдаж байгаа. Гэхдээ энэ бол Монгол Улсын улс төрийн л бүтээгдэхүүн гэж хэлж болно.

Сэтгүүлч Б.Энхжаргал