Оюунхорол.Д 2018.05.04 | Өнөөдөр сонин

Д.Оюунхорол: Үе үеийн сайд нар жилд 250-300 шонхор хилээр гаргах зөвшөөрөл олгодог

Д.Оюунхорол: Үе үеийн сайд нар жилд 250-300 шонхор хилээр гаргах зөвшөөрөл олгодог

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд БОАЖ-ын сайд Ц.Цэрэнбат мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газар нууд тушаал гаргаж, 750 иддэг шонхор хил давуулж зарсан тухай хөндсөн.

Тэрбээр “БОАЖЯ үнэхээр бугшсан, авлигын үүр уурхай болсон газар. Байгалийн баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүхнийг зарж байгаа. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг хил давуулж зарсан гэсэн мэдээлэл тагнуул, гаалийн байгууллагаас ирсэн” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Энэ бол яамны албан тушаалтнууд оролцож байж л хийх асуудал. Сүүлд нь ялд уначихгүйн тулд сайд та эртхэн залруулах хэрэгтэй” хэмээн сануулсан.

Тэгвэл үндэсний бахархалт шувуугаар өргөмжилж, арилжааны зориулалтаар хилээр гаргахыг хориглосон шийдвэр гаргаж байсан шонхор шувууг ийм олноор хил давуулах зөвшөөрөл олгосон асуудалтай нэр холбогдсон БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол энэ талаараа тайлбарлав.

Тэрбээр “Үе үеийн сайд нар жилд 250-300 шонхор хилээр гаргах зөвшөөрөл олгодог. Одоо ч энэ хэмжээндээ олгоод явж байгаа. Энэ бол төрийн ажлын залгамж чанар. Би Ж.Энхбаяр гишүүнийг үндэслэлгүй, сэтгэлийн хөөрлөөр, “попорсон” улс төрийн мэдэгдэл хийдэг гэж хардаг.

Ер нь баримжаагүй ярьдаг шүү дээ. Улстөрч хүн өөрөө од болох гээд бусдыг гүтгэх, тэр тусмаа төрийн албан хаагчид руу илэрхий дээрэлхээд байгаа юм шиг хандах нь дэмий. Яагаад зарим шийдвэр нь нууцын зэрэглэлтэй гарч, ТЕГ-ын хяналтаар ордог байсан бэ гэвэл шейхүүдийн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалд цаад талаас шаардлага тавьдаг. Тиймээс нууцын зэрэглэлд оруулдаг” гэв.