Сайд Д.Сумъяабазар зүүн аймгуудад ажиллаж байна
2018.05.07

Сайд Д.Сумъяабазар зүүн аймгуудад ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Дорнод, Сүхбаатар аймагт байрлах холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд явсан юм.

Зүүн аймгуудад хийсэн салбарын сайдын ажлын эхний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Улаан болон Мухарын ордоос  хар тугалга, цайрын хүдэр олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-аас эхлэв.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тус компанийн баяжмал боловсруулах цех, хаягдлын далан, далд уурхай болон ажилчдын амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа. 

 “Шинь шинь” ХХК 2016 оноос энэ оны 4-р сарын 30 хүртэл нийт 1.15 сая тн хүдэр олборлож, 1.25 сая тн хүдэр баяжуулжээ. Мөн 73147 тн цайр болон хар тугалгын баяжмалыг үйлдвэрлэн, БНХАУ руу экспортолсон байна.  Өнөөдрийн байдлаар компанид үндсэн болон туслан гүйцэтгэх компанийн нийт 680 орчим монгол хүн ажиллаж буй. Компанийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн сараас эхлэн монгол ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа болон Дорнод аймгийн ЗДТГ хооронд 2018 оны хамтран ажиллах гэрээний асуудал хэлэлцээрийн шатанд явж байгаа талаар уулзалтын үеэр хэллээ. Харин тулгамдаж буй асуудлын тухайд, эрчим хүчний хангамж дутагдалтай, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд байгааг дуулгав.

Сайд Д.Сумъяабзар компанийн удирдлагуудад орон нутгийн ЗДТГ-тайгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах, монгол ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, сургах, Монгол Улсын хууль, дүрэм журмыг чанд сахин, байгальд хор хөнөөл багатай ажиллах зэрэг үүргүүдийг өгсөн юм.