2018.05.08

Гишүүдийн хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын 8 цагаас хариуцлага нэхэх шаардлагатай

Тойргийн иргэдээ төлөөлж байгаа УИХ-ын гишүүд  МУ-д мөрдөгдөж буй хуулийн дагуу ажлын 8 цаг ажиллах шаардлагатай гэдгийг зарим гишүүд онцолж  байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар  байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн  Л. Оюун-Эрдэнэ:  УИХ-ын гишүүн  бол хөдөлмөрийн цагаар гэрээ байгуулж ажиллаж байгаа төрийн албан хаагч юм. Тиймээс хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой.  Парламентийн гишүүдийн халдашгүй дархан байдал нь хурал таслах, гэмт хэрэгт холбогдох, гэх мэт асуудалд хуулийн цаана байна гэсэн агуулгаар биш. Парламентийн гишүүдийн бүрэн эрх бол хэцүү зүйлд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхэд хууль хяналтын байгууллага албаар хэн нэгнийг саатуулах гэж оролдвол, түүнийг нь хамгаалах гэсэн агуулгаар гарсан хуулийг манайхан хялбар байдлаар ашигласаар байна. Энэ нь олон нийтийн дургүйцлийг  хүргэж байна.

УИХ-ын гишүүн  Л.Энхболд: Зарим нэгэн гишүүдийн хувьд ажил тасалж байгаа гэсэн зүйл яригдаж байгаа. Их хурлын гишүүн бол танхимд суугаад хууль хэлэлцэн батлахаас гадна, тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах, байнгын хороодод ажиллах, лобби бүлгүүд байгуулж ажиллах, гэх мэт олон ажлууд хийдэг учраас тэр болгоны цагаар хэмжээд байх нь хэцүү.  Гэхдээ ирц нь бүртгэгдээд явж байгаа үедээ ажлын найман цагтаа ажиллах үүрэгтэй.