Ц.Сүхбаатар:

“Төрийн Хар хүнийг ард түмэн, нийгэм нь тэжээдэг жамтай”


8 минут уншина
Ц.Сүхбаатар: “Төрийн Хар хүнийг ард түмэн, нийгэм нь тэжээдэг жамтай”
Ц.Сүхбаатар Шинжлэх ухааны доктор, профессор

Vip76.mn сайт “Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?” хэлэлцүүлгийнхээ ээлжит зочинтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

Олон улсын Улаанбаатарын Их сургуулийн Дэд захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сүхбаатартай “Монгол төрийн Хар хүн ба түүний залгамж чанар, үүрэг, ёс жудаг” сэдвээр ярилцлаа.

Монголчууд эрт дээр үеэс төр улсын ажил хийж байгаа хүнээ “Төрийн Хар хүн” хэмээн нэрлэж, хүндэтгэн дээдэлж, үгийг ёсчлон дагадаг байсан уламжлалтай. Ардын итгэл хүндлэлийг хүлээсэн төрийн Хар хүн ёс жудаг, үнэт зүйлээ эрхэмлэгч нэгэн байжээ. Харин өнөө цагийн Төрийн түшээдийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ ямар байгаа тухай бид ярилцсан юм.

Монгол Төрийн Түшээ гэж хэн бэ?

Төрийн түшээгийн алба бол хамгийн өндөр сонгон шалгаруулалттай, өндөр шалгууртай алба юм. Олон зуун жил уламжлал ирсэн Монгол төрийн тогтолцоо юм. Монгол төрийн тогтолцоо нь 1000 жилийн түүхтэй.

Аугаа их Гегель хэлэхдээ “Эртний төрт улс нь Хятад, Монголоос гаралтай” гэсэн байдаг. Тэгэхээр Монгол төр олон зуун жил тогтолцоо болтлоо их урт замыг туулсан. Монголчууд ийм баялаг түүхтэй төр улстай ард түмэн юм. Тэр түүхийн шалгуураас “Төрийн түшээ” гэдэг алба урган гарч ирсэн.

Сүүлийн 100 жилд дэлхий дахинд маш олон шинэ улс бий боллоо. Тэдгээрийн төрийн түшээ, төрийн тогтолцоо гэдэг бол олон жилийн түүх, уламжлалгүй, туршлагагүй байгаа. Харин Монгол төрийн уламжлал тогттолцоо нь маш том асуудал юм.

Төрийн түшээ байхын тулд өндөр шалгуурын тухай ярих ёстой.

Монголын төрт ёсны уламжлалаар бол Монголчууд “Төрийн Хар хүн” гэдэг нэр томъёотой. Энэ нь тухайн хүн төрдөө зүтгэнэ гэсэн үг. Төрд зүтгэсэн хүний гол анхаардаг зүйл бол “Би төрд зүтгэх ёс суртахууны болон өөрийн хүмүүжлийн зөв төлөвшил байна уу? үгүй юу?, цаашлаад удамшил байна уу?” гэж үздэг. Монголчууд Төрд зүтгэх хар хүнийг уламжлалаар, шалгуураар сонгож ирсэн. Тэр байтугай эцэг эх нь үр хүүхдээ ч ангилж үздэг байсан.

Жишээлбэл энэ хүүхэд маань төрийн хүн болно. Шударга, зарчимч зантай. Тиймээс төрийн хар хүн болох ёстой гэж үздэг байсан. Эсвэл энэ бол лам болох хүн гэж ялгаж сонжиж, шалгаж байж сонгодог байжээ.

Хэн хүссэн болгон нь төрийн хар хүн болж, төрийн ажил хийгээд явдаггүй байсан юм. Мөн төрийн хар хүнийг бэлдэнэ. Төрийн хар хүн болгохоор сонжсон хүүхэддээ уйгаржин бичиг сургана. “Оюун түлхүүр”-ээс эхлүүлээд сурах бичиг, ном уншуулж, мэдлэг олгоно. Тиймээс төрийн түшээг сонгон томилохдоо ёс зүй талаас нь илүү анхаарч, шалгууруудаа тавих ёстой.

Өнөөдөр төрийн алба, төрийн түшээ болох эрх нээлттэй байна. Уламжлалаа өвлөн дагах ёстой ч цаг үе, нийгмийн тогтолцоо өөр болсон учраас өнөө цагт төрийн түшээд байх шалгуур нь юу вэ?

Өнөө цагт Ардчилсан нийгэмд хэн ч төрийн алба хаших эрх нь нээлттэй. Гэхдээ ёс суртахууны асуудал хамгийн чухал шалгуур байх ёстой юм.

Монголчуудын төрийн нарийн философи нь:

                                          "Эрдмийн баян бол эрхэм баян

                                          Үр хүүхдийн баян бол удаах баян

                                          Эдийн баян бол адгийн баян" гэж үздэг.

Энэ шалгуураар төрийн түшээдийг сонгох нь их чухал юм. Төрийн алба хашиж, түшээ болох гэж байгаа хүн бол дээр хэлсэн Эдийн баяныг хойш тавьсан Эрдмийн баян, төрийн ёс жаягыг тэргүүнд тавьсан хүмүүсээ л бид төрийн түшээгээр сонгож, томилох ёстой юм.

Төрийн түшээ гэсэн ерөнхий ойлголтыг задлавал өнөөдөр төрийн бүх шатны албан хаагчаас эхлээд төрийн тэргүүнээ хүртэлх албыг хашиж байгаа хүмүүсийг хамруулж болох мэт. Төрийн өндөр буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд ямар шалгууртай байх ёстой вэ?

Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс ч ялгаагүй дээр миний хэлсэн Монгол төрийн философийн дагуу л шалгууртай байх ёстой. Өөрийн эд хөрөнгө, бизнесийн эрх ашгийг хойш тавьдаг. Зүгээр дараа нь бодоё гэх биш бүр төрийн өндөр алба хашиж байгаа хүн бол эдийн баяныг хаясан хүн байх ёстой.

Учир нь төрийн өндөр дээд алба хашиж байгаа хмүүсийг нийгэм, ард түмэн нь өөрөө тэжээж, тэтгээд явдаг жамтай. Тэдний орлого, амьдралын баталгаа нь төрийн алба хашиж байгаагаас үл хамааран хангагдаж байдаг гэсэн үг.

Төрийн их өндөр алба хашиж байгаа буюу хуучнаар хаад ноёд занги нар бол үе уламжлан залгаж явдаг байсан нь онцлог. 

Төрийн их өндөр алба хашиж байгаа буюу хуучнаар хаад ноёд занги нар бол үе уламжлан залгаж явдаг байсан нь онцлог. Үе уламжилна гэдэг бол их нарийн. Дор хаяж тухайн удмын таван үеийг дамнаж хаших бөгөөд удмын нэр хүнд их чухал байсан. Би хэрвээ муу байвал миний аав, өвөөгийн нэр гарна. Үр хойчид маань муу нэртэй явна гэж эмээдэг байсан.

Одоогийн манай түшээдийг сонгож байгаа хэлбэр бол зөвхөн нэг хүнийг л сонгож байгаа хэлбэртэй. Тэгэхээр төрийн өндөр алба хашиж байгаа хүнийг сонгох томилох асуудалд үүх түүх уламжлалаа бас эргэн харж сургаж авах ёстой гэж боддог.

Би өнөөдөр нэг зүйлд их харамсаж явдаг. Сонгогдсон төрийн түшээд, өндөр албанд байгаа хүмүүс нэг хүний, нэг хэсгийн, нэг намын, нэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг эхэндээ тавьж явдаг нь туйлын харамсалтай. Энэ бол Монголын төрд байж болохгүй асуудал.

Олон жилийн түүхтэй төрд ёсонд байгаагүй үзэгдэл сүүлийн үед Монголын төрд гарч ирээд байгаа нь энэ. Үүнийг хууль, эрх зүйн орчноороо цэгцэлж, түүх уламжлалтайгаа уялдуулж засах боломжтой.

Та энэ үзэгдлийг засах боломжтой гэлээ. Хэрвээ ингэж чадахгүй бол Монгол төрийн тогтолцоо аль цэгт хүрэх бол?

Би судлаач хүний хувьд төрийн чухал уламжлал буюу философи талаас нь нэг зүйл хэлье. Буруу замаар тээж ирсэн хөрөнгө нь үр хүүхэддээ өвлүүлбэл тэдэнд гай болно гэж үздэг. Ийм богино хугацааны давтамжтай төрийн алба хашиж байгаа энэ тойрогт сая миний хэлсэн энэ уламжлалаа санаж, даган мөрдөх нь их зүйтэй санагддаг. Хүн өөрийгөө мөнх гэж санах хэрэггүй.

Монгол төрийнхөө төлөө зүтгэж байгаа тэр хүнийг монголын ард түмэн байнга эрхэмлэж ирсэн. Үр хойчдоо уламжлуулан үлдээх зүйл бол төрийн түшээ хүн өөрийн сайн нэр алдар, сайхан үйлс л байдаг. Үр хойч, монголын ард түмэн тухай хүнийг ийм баян, ийм хөрөнгөтэй хүн байсан гэж хэзээ ч дурсахгүй. Харин төр, улс, ард иргэнийхээ төлөө хийсэн сайн үйл, зөв шийдвэрийг нь тухайн хүний нэртэй нь хамт мөнхөлчихдөг ард түмэн юм шүү дээ.

Төрийн түшээ хүн ёс зүй, ёс жудагтай байхын тухайд чухал зүйлсийг та хэллээ. Төрийн албыг дагаж хариуцлага давхар явдаг. Үүнийг өнөөгийн төрийн түшээд хэр хангаж чадаж байна вэ?

Бид Монгол хэлнийхээ нэр томъёог цэгцлэн, тус бүрт нь зөвөөр ойлгож, тодорхойлох хэрэгтэй. Бидний сайн мэддэг ЭРХ гэж үг байна. Гадаад хэлнээс орчуулахад эрх гэж хөрвүүлэгдэж, үндсэн хуулиндаа ч эрх гэдгээр нь бид ашиглаад явдаг. Гэхдээ үгийн цаад утга, санаа бол хэн нэгнээс илүү, давуу эдлэх эрх биш бусадтай адил тэнцүү байх, амьдарч байгаа нийгэмдээ бусдаас дутуу эсвэл илүү байхын тухай ойлголт биш юм. Адил тэнцүү байх гэсэн утга бөгөөд оршин тогтнож байгаа нийгмийнхээ өмнө үүрэг хүлээж байна гэсэн утга юм.

Үүрэг гэдэг угтэй хоршин хэрэглэгдэж байдаг хариуцлага гэдэг уг нь агуулга, утгаараа бол үүргийнхаа дараа орох юм. Сүүлийн 60-аад жилийн өмнөөс нь хариуцлага гэдэг үгийг бид хэрэглэж байна.

Төрийн түшээ хүн ард иргэд, улс нийгмийнхээ өмнө үүрэг хүлээдэг учраас тэр хүнд хариуцлага бий болдог. Хариуцлага гэдэг нь төрийн түшээ хүний нэгэн хэмжүүр юм. Төрийн албан байгаа хүмүүст биелүүлэх үүрэг нь тодорхой байж гэмээнэ дараа нь хариуцлагатай байсан эсэхийг нь дүгнэх боломжтой болно.

Төрийн алба, төрийн түшээ гэдэг бол ийм хямдхан, шалгуургүй, үнэ цэнэ, өндөр босгогүй байж болохгүй.

Өнөөдрийн миний ажиглаж байгаагаар төрийн албадын үндсэн үүрэг нь тодорхой бус байгаагаас бол үндсэн ажлаа хийхгүй 2, 3-р зэрэглэлийн ажил хийгээд байна. Ингэхээр тэр хүнтэй хариуцлага тооцох, ярих боломжгүй болоод байна.

Жишээлбэл зарим сумын засаг дарга нар үндсэн үүргээ мэдэхгүйгээс болж ард түмнийхээ амьдрал, хариуцсан хэсэгтээ тулгамдсан асуудлаа хийхгүйгээр наадам яаж хийх үү? Ойн баярыг зохион байгуулах гэх мэт. Үүнээс болж хариуцлага алдах явдал байна. Энэ бол төрийн залгамж байдалд маш их хортой. Ингээд ирэхээр хэн ч байсан УИХ-ын гишүүн болж болно, ямар ч хүн дарга хийж болно гэж ойлгодог болчихоод байна.

Төрийн алба, төрийн түшээ гэдэг бол ийм хямдхан, шалгуургүй, үнэ цэнэ, өндөр босгогүй байж болохгүй. Тийм уламжлал ч байхгүй. Харин ингээд эхэлбэл төрийн хэврэгшил бий болдог.

Тэгэхээр чаддаг хүн нь л төрийн түшээ болох ёстой гэсэн үг үү?

Мэдээж тийм байх ёстой. Сүүлийн үед төрийн албан хаагч болоод тэр албан тушаалд очоод суралцаад явна гэж ярих болж. Үгүй шүү. Төрийн албыг суралцаагүй хүн хийдэг юм биш. Төрийн ажил хийж чаддаг, чадах хүн л хийдэг. Суралцсан, шалгагдсан, шалгарсан хүн л сонгогдож, томилогддог ёстой юм.

Надад сүүлийн үед ажигдаж байгаа бас нэгэн буруу жишиг гэвэл төрийн албанд, төрийн ажилд давхардал ихээр бий болоод байна. Сайн төр ажлыг, албыг давхардуулдаггүй юм. Үүрэг даалгаварыг давхардуулдагүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн хүн давхар Засгийн газрын гишүүн, сайдын албыг хашиж байна.

Төрийн албанд давхардал байж болохгүй

Энэ хоёр алба асар их завгүй, цаг нарыг ч үл анзааран хийх ёстой ажил. Харамсалтай нь энэ хоёр ажлыг зэрэг хийж, давхардуулаад явж байгаа нь буруу л даа. Нэг хүн хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй. Аль нэгэнд нь арай илүү сайн үйлчилж нөгөө эзнээ гомдоодогтой адил аль нэг ажлаа арай илүү хийхэд нөгөө ажил нь хоцрогдож байдаг.

Нэг хүн 100 хувь ажил хийх потенциал, чадвартай байна. Гэтэл 2 хүний ажлыг зэрэг хийгээд эхлэхээр 60х40, 50х50 байдлаар л хийж гүйцэтгэнэ.

төрийн ажил “Уламжлал, Ажлын явц, Ирээдүй” гэсэн гурван хэлхээсээр тодорхойлогддог

Аливаа төрийн ажил бол “Уламжлал, Ажлын явц, Ирээдүй” гэсэн гурван хэлхээсээр тодорхойлогддог. Үүнийг мэдэхгүй, чадахгүй хүнийг төрийн албанд ойртуулж байгаагүй уламжлалтай юм. Энэ бол зөвхөн Монгол ч биш Дорно дахины түүх, философи ийм байсан. Төрийн албанд томилогдоод амьдралаа дээшлүүлнэ гэсэн бодолтой хүнийг төрийн ажил, албанд ойртуулах хэрэггүй.

 Ярилцсанд баярлалаа

Баярлалаа.