Н.Цэрэнбат 2018.05.09 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Гуалингаас бусад бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ

Гуалингаас бусад бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ

 Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.  

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсы Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  тус тус танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  тус тус хийлээ. Уг хуулийн төсөлд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдлуулсан гааль, НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгажээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  мод, модон бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн татвараа буцаан авахад нийт хэчнээн төгрөг зарцуулах талаар судалгаа хийсэн эсэхийг Гаалийн ерөнхий газрынхнаас тодруулав. 

Ажлын хэсгийн зүгээс, импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд, нийтдээ 19 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дунджаар үзэхэд жилдээ энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд 2.5-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэсэн судалгаа бий. 2018 оны эхний улирал буюу 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татварт 97,8 сая төгрөг төлсөн  байна хэмээн хариулж байлаа. 

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан "Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах" горимыг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.