Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцлээ
2018.05.09

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр таницлуулгадаа, Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,  Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцлоо.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, О.Содбилэг, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Засгийн газар эдийн засгаа уул уурхайгаас үл хамааралтай болгохын төлөө  ажиллаж байгаа эсэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулахад хэрхэн ажиллаж байгаа талаар илүүтэй тодруулж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх вэ? гэдгийг тодруулсан.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:Зарлага дээрээ анхаарч ажиллахыг сануулсан юм.

Дэлхийн зах зээл  дээр алт, зэс, нүүрсний  үнэ өссөн, мөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлж төсвийн орлогыг тооцсон. Өмнө нь орлогоо хэт өндөр тооцож, зарлагаа нэмснээр зөрүү нь өр болон үлддэг байсан тул бид энэ жил төсвийн орлогоо бодитой тооцоолсон. Төсвийн орлого 2019 оны жилийн сүүлээр 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Түүнчлэн 2017 оны 10 сараас эхлээд Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй. Мөн Засгийн газар уул уурхайд тулгуурласан эдийн засгаа тэлэхийн тулд зээлийн хүүгээ бууруулах, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтвортой байлгах, аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллахаар зорьж байна. 2019 он гэхэд татварын багц хуулийг оруулж хэлэлцүүлнэ. Тухайлбал, жилийн 1,5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох төслийг боловсруулаад байна хэмээн  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулж байлаа.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтлоо.