2009.01.25

Д.Тэрбишдагва: Хамтарсан Засгийн газар буруу шийдвэрийг ч "ногоон гэрэл"-ээр дэмжээд байна

Шинээр байгуулагдсан УИХ-ын нэгэн намар өнгөрч, бодлогын гол баримт бичгүүдээ баталсан. Алдаа, онооны дэнсийг тодорхойлох цаг эрт байна гэж ойлгож болох ч энэ талаар хүн бүр өөрийн байр суурьтай байгаа юм. Ингээд энэ удаагийн «Өглөөний зочин» буландаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг урилаа

-УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногт завсарлалаа. Энэ УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд та өөрийн саналыг хэрхэн тусгасныг сонирхмоор санагдлаа?

-Засгийн газар байгуулагдсан цагаас хойш шударга үнэн, хөгжил цэцэглэлтийн төлөө, парламент, Засгийн газар хэрхэн ажиллах талаар би өөрийнхөө дуу хоолойг гаргаж ирсэн. 2009 оны Төсөв, Үндсэн чиглэл, Мөнгөний бодлого, 2008-2012 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон санал гаргасны ихэнх нь дэмжигдсэнд   баяртай   бай гаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулахад та хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг. Одоо ч энэ байр  суурин  дээрээ   байна уу?

-Парламентын засаглалтай улсад сонгуулийн үр дүнгээр олонх болсон нам нь Засгийн газраа байгуулдаг гэж би олон удаа хэлсэн. Улс орноо хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой гэж ярьж буй хүмүүс бий. Үнэндээ эх орноо боддоггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр бүгдээрээ адил бодож байгаа бол нам гэж байх хэрэг байна уу гэдэг чиглэлээр ярьж байсан. Гэхдээ одоо нэгэнт хамтран ажиллаж байгаа болохоор сайн үр дүн гараасай гэж бодож байна. Тиймээс    дэвшилттэй    болгоныг дэмжиж, бурууг нь шүүмжилж ажиллах байр суурьтай байгаа. Үр дүн гарах байх. Ард түмний амьдрал сайжирч, орлого нь нэмэгдэж байвал үүнийг дэмжих ёстой.

-Гэхдээ та ямар нэг асуудал хэлэлцэж байхад ихэвчлэн шүүмжилж байгаа харагддаг?

-Би аливаа асуудлаар санал, шүүмжлэл хэлэхдээ нэлээд судалж, юм уншиж, хүмүүстэй зөвлөдөг. Түүнээс биш шүүмжлэхийн төлөө би шүүмжилдэггүй. Харин засаж залруулах, сайжруулах зорилгоор хэлдэг. Гэтэл сүүлийн үед үг хэлж байгаа хүнийг «шүүмжиллээ, эсэргүүцлээ, амбицлалаа» гэх байдлаар хүлээж авах хандлага бий болсон. Бодит үнэнийг хэлж буй санал санаачилгыг анзаарч, нухацтай хүлээж авч байгаасай л гэж боддог.

Засгийн газар орон тоог цөөлөх ёстой гэж хэлж байсан. Бүтцийн өөрчлөлт хийж багасгах тухай ярьсан боловч нэмэгдлээ. Ер нь хамтарсан Засгийн газар бүх асуудлыг «ногоон гэрэл»-ээр шийдэж байна. Уг нь аливаа нэг асуудалд сөрөг хүчин байж, засаж залруулдаг байх ёстой.

-Одоо нэгэнт сөрөг хүчингүй парламент үйл ажиллагаа явуулж байна. Энд ямар алдаа гарч байна гэж бодож байна вэ?

-Урьдчилан    ярьсан асуудлаа дургүй ч гэсэн ярс хийтэл гар өргөж батлаад байна. Ялангуяа чуулган завсарлах, түр завсарлах зэрэг үед өдөр шөнөгүй хуралдаж,
хэлэлцэж байгаа асуудлыг цагийг нь тулгаж шийдвэрлэдэг байдал ажиглагдаад байгаа юм. Тухайлбал Үндсэн чиглэл батлахад бараг 50 хувийнх нь гүйцэтгэлийн шалгуурыг үйл ажиллагааны хэрэгжилтээр    үнэлэхээр бичсэн байсан. Үйл ажиллагааны хэрэгжилтэд 10 зүйл төлөвлөөд нэгийг нь биелүүлчхээд, түүнийгээ үйл ажиллагааны хэрэгжилт гээд тавих боломжтой харагдаад байгаа юм.

Мөн алдагдалтай төсөв батлагдаж байхад би өөрийн байр суурийг илэрхийлж, төсвөө зөв батлах ёстой шүү гэдэг саналыг хэлж байсан. Монгол банканд шалгалт хийж, дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад ямар нэг байдлаар нөлөөлөх нь гэдгийг мэдэгдсэн боловч «Урьдчилж битгий ярь, хүмүүст бүү айдас төрүүл» гэдэг чиглэл өгөөд байсан. Дэлхий нийтээрээ хямрал болно гэдгийг ярьчхаад, хэрхэн хохирол багатай давах талаар илэн далангүй хэлэлцэж байна. Нуусан, дарсан бүхэн задардаг. Анод банкны асуудал ил гарлаа. Ер нь асуудлыг ил тод ярилцаад, гарах арга замыг ярих нь ардчилсан нийгмийн хамгийн том зарчим шүү дээ.

-Хэдийгээр буруу шийдвэрийг унагахгүй байгаа ч энэ шийдвэр нь та бүхний ажлын үр дүн болж, түүх болон үлдэнэ?

-Тодорхой хэсэг нь эсрэг санал хэлж, засаж залруулах гэхээр авч хэлцэхгүйгээр олонхоороо дэмжээд л өнгөрч байна. Ийм маягаар бүх зүйл бүтээд байвал болж л байгаа юм. Гэхдээ ингэж гаргасан шийдвэр бүхэн зөв биш гэдэг нь эхнээсээ харагдаж байна. УИХ-ын сонгуулийн үед ноолуурын үнэд нэмэгдэл нөхөн олговор өгөх тухай тогтоолыг хэрэггүй зүйл гэдгийг хэлж байсан боловч нэгэнт шийдвэр гарч, үр дүнгүй ажил болсон. Дараа нь орон нутгийн сонгуулийн өмнө ямааны тоотой уялдуулан малчдад мөнгө өгөх хувилбар болсон. Энэ нь үр дүнтэй, сайн зүйл биш боллоо гэж шүүмжлэгдээд байна. Ер нь зах зээлийн дэг жаягаар зохицуулагдах юманд төр оролцоод баймааргүй юм. Харамсалтай нь улс төржсөн зарим шийдвэрүүд буруу гараад байна.

-Буруу шийдвэр гарахад лобби нөлөөлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нөлөөлж байгаа гэж бодож байна. Ноолуурын мөнгө 10-100 ямаатай хүнд нэг их нэмэр болохгүй байхад мянган ямаатай хүн овоо хэдэн төгрөг авчихна. Үүний цаана УИХ-ын гишүүд, хятад эзэд, компаниуд ч байдаг гэсэн. Ийм мэдээлэл байдаг юм билээ. Харин тэр мөнгөөр үйлдвэр байгуулчихсан бол ажлын байр бий болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байлаа. Тэр нь илүү үр дүнтэй шүү дээ.

-Тэгэхээр одоо яах ёстой юм бэ?

-Нэгэнтээ олонхоор гаргасан шийдвэрийг дагаж явахаас өөр аргагүй. Харин бид зарим юманд зоригтой алхам хийх ёстой. Нөхцөл байдал нь таарч тохирохгүй байгаа бол албан тушаалаа өгөхөөс айхгүй, ард түмэндээ болохгүй байгаа зүйлээ хэлэх ёстой. Тооцоо судалгаагүй юм ярьдаг, хоосон амалдаг байдлаа болих, УИХ-ын гишүүний ард талын сонирхолд зохицуулсан лоббины хууль гаргадаггүй болох хэрэгтэй байна. Ганц, хоёр хүн цөөнх болж байгаа ч саналыг нь анхаарч тусгах ёстой гэж бодож байна.

-Системтэй алхам хийж үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй-
-Хоёулаа яриагаа өөр чиглэлд хандуулъя. Засгийн газар энэ жилийг үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгон зарласан. Үйлдвэрлэлийн талаар байнга дуугарч байдаг хүний хувьд та энэ талаар өөрийн бодолтой яваа байх?

-Уриа лоозон, гоё үг их л гарч байна. Манай улс төрд чамин, гоё үг хэлдэг хүмүүс алдаршиж, бодит ажил хийдэг нь үнэлэгдэхгүй болсонд би их харамсдаг. Гоё үг хэлсэн бол тэр хэлсэн үгэндээ зохицсон ажил хийх ёстой. Үйлдвэржүүлэлт гэдэг бол маш чухал. Бид үйлдвэртэй байсан улс. Өмч хувьчлал нэрийн дор бүгдийг нь устгаж, үй олон хүмүүсийг ажилгүйдлийн эгнээнд шилжүүлсэн. Өнөөдөр үйлдвэржүүлэлтийг хэтэрхий орой ч гэсэн ярьж байгаа нь сайн хэрэг. Улсын төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. Гэхдээ зөвхөн улсын төсөв харахгүйгээр гадаадын зээл, тусламж авах зэрэг зоригтой алхам хийх ёстой. Ер нь түүх рүүгээ ус цацаж, өмнөх үеийнхээ хийж бүтээснийг устгахгүйгээр системтэй хөгжих нь л их чухал байна. 2000 оноос хойш нэлээд системтэй ажил хийж байгаа. Зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж, ажил хэрэгч хүмүүсээ дэмжээд явах хэрэгтэй. Мэргэжилтэй боловсон хүчнээ ч бэлтгэх нь чухал байна.

-Төсөвт 150 тэрбум төгрөг суулгаснаар үйлдвэржүүлэлтийг дэмжихэд нөлөөлж чадах уу?

-Төсвийн мөнгөөр үйлдвэржүүлэлтийн бодлогыг тэр чигээр нь авч явж чадахгүй.      Өнөөгийн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөө жижиг, буурай орнуудад хамгийн хүнд тусч магадгүй гэж дэлхийн томоохон 20 орны уулзалтын үеэр яригдаж, Япон улс 100 тэрбум ам.долларын тусламжийг Валютын санд гаргаж өгөх боломжтой талаар мэдээлж байсан. Тэгэхээр гадаадын зээл тусламжийг ашиглах бололцоо бий.

-Зээлийн хүүгийн хөнгөлөлтийг томоохон компаниуд л эдэлж, үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн жижиг зээлдэгчид тэр бүр авдаггүй юм биш үү?

-Төрийн өмчийг луйвардаж баяжсан хүмүүс нь банк, санхүүгийн байгууллагын барьцаанд тавих хөрөнгөтэй. Тэдгээр хүмүүс нь зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлээд бусдад нь хүртэхгүй байвал ажил бүтэхгүй. Харин жинхэнэ боловсролтой, ажил хэргийн төлөө нойр хоолгүй ажиллаж чадах боловч хөрөнгийн эх үүсвэр багатай хүмүүст энэ мөнгийг хүртээж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Бангладешийн нэг банкер хамгийн жижиг үйлдвэрлэгчдэдээ зээл олгосноор үр дүнд хүрч «Нобелийн шагнал» хүртсэн шүү дээ.

-Түүнээс гадна Засгийн газар нөөц бүрдүүлэхэд анхаарч байгаа боловч бүтээг-дэхүүний үнэ өндөр байхад нөөц бүрдүүлэх явдал ажиглагдаад байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Улс нөөцтэй байх ёстой. Гэхдээ хаана, хэн хадгалах вэ гэдгийг бодох ёстой. Гурил, бензин шатахууныг хамгийн өндөр үнэтэй үед нь авч хадгалаад, үнэ хямдрах үед нь зардаг боллоо. Энэ бол мөн л хоорондоо тохирчихсон хэсэг хүмүүсийн хийж байгаа бизнес харагдаад байна. Тухайлбал өнгөрсөн жил улаан буудайг дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй байх үед нь оруулж ирсэн. Нефтийн бүтээгдэхүүн нөөцлөхдөө зуны түлш оруулаад ирсэн байх жишээтэй. Зуны түлш оруулж ирсэн л бол тэр дор нь борлуулж, нөөцийг нь дахин бий болгох ёстой. Дараа нь 40 тэрбум төгрөгийн бензинийг төсөвт ашиггүй зарна, үгүй бол өндөр үнээр зарна. Үүний үр дүнд ард түмэн босохооргүй болчхоод байгаа юм.

Тийм учраас нөөцийг бодлоготой хийх ёстой. Хэрэглээний сагсны барааг нөөцөлчихвөл зүйтэй юм. Энд менежмент хэрэгтэй.

-Өнгөрсөн жил манай улс Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлээд, нэлээд амжилттай ургац авсан. Энэ эрчээрээ үргэлжилбэл хэдхэн жилийн дотор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Бусад үйлдвэрлэлийн салбар ч мөн хөгжвөл Монголын дотоодын хэрэгцээг хангахад нэг их удаан хугацаа зарцуулахгүй байх. Тэгэхээр зах зээлийн багтаамжийг нь нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд анхаарахгүй бол үйлдвэрлэл хөгжих нь юу л бол гэж бодогдоод байна?

-Ингэж амархан тайлбар-лаж болохгүй. Бид өөрсдөө бүтээгдэхүүн гаргаж, экс-портлож байсан үе бий. Харамсалтай нь сүйтгэсэн. Өнгөрсөн жил зөвхөн «Атрын гуравдугаар аян» гэдэг гоё нэр өгснөөр энэ ажил явчхаагүй. 2000 онд газар тариалан уналтад орсон учраас сэргээхийн тулд тэр үеэс «Ногоон хувьсгал», «Үр», «Уринш» зэрэг хөтөлбөр, усжуулалтын систем, технологийн шинэчлэл зэрэг олон арга хэмжээ авч эхэлсэн.

Ингээд найман жилийн турш авсан арга хэмжээ, тариаланчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд ийм ургац хурааж авсан. Системтэй олон ажил хийсний эцэст өнөөдөр дотоодынхоо 50 хувийн хэрэгцээг хангадаг боллоо. Түүнээс гадна өнгөрсөн жил цаг уур тааламжтай байсан нь ургац сайтай байх нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгэхээр бид «Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлна» гэдэг шиг юу юугүй бүх зүйл сайн сайхан болчихлоо гэж бодож, ярьж болохгүй. Бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох хүртэл дахиад хэдэн жил хэрэгтэй. Үүний дараа экспортлох тухай ярьж болох юм.

-Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд импортын бараа бүтээгдэхүүн саад болох тохиолдол их бий. Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд, ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүн дээр импортын квот тогтоочихмоор санагдах юм?

-Бид нэг алхмаар бүхнийг хийж болохгүй. Устгаад үгүй болгосон зүйлийг ши-нээр   хийж  байгаа  гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Зөвхөн мал дээр авч үзвэл малын чанар, үржил селекци, сүргийн бүтэц, хээлтэй малын хувийн жин, малын өвчин гэх мэтчилэн олон асуудал гарч ирдэг. 2000 оны үед монголын ихэнх үхэр гуур өвчтэй байсан. Одоо гуур өвчин бараг устаад байна. 1990-ээд оноос хойш «Цагаан хувьсгал» арга хэмжээг зохион байгуулаад огт өөдтэй яваагүй. Ингээд 2000 оноос хойш системтэй бодлогын арга хэмжээ авсны үр дүнд сайжирч эхэлсэн. 2003 оноос хойш сайжирсаар өнөөдөр өндөр ашиг шимтэй үүлдрийн үхэр оруулж ирж, цөм сүрэг бий болж, фермерийн аж ахуй хөгжиж эхэлж байна. Хөдөө орон нутагт энэ чиглэлийн хөгжил арван жилийн өмнөхтэйгөө адил байгаа юм. Тиймээс одоо эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, мах, сүүний үйлдвэр бий болгох нь чухал байна.

Саяхан Монгол Улсыг хөгжүүлэх сангаас гаргахаар баталж өгсөн ноолуурын 30.5 тэрбум, мах нөөцлөх 37.5 тэрбум төгрөгөөрөө аймгуудад 300 гаруй жижиг үйлдвэр байгуулах боломж байсан. Ингэж хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгч болж ард түмний хуримталсан    хөрөнгийг үрэлгэн байдлаар цацаад байвал улс хөгжихгүй. Хэдхэн хүн л үр ашгийг нь хүртээд өнгөрнө. Тэгэхээр эхний ээлжид өөрсдөө боломждоо тулгуурлан боловсруулах үйлдвэр бий болгож хөгжүүлэхгүй бол хүчээр гадны сүү уух хэрэгтэй болно. Өөрсдийн үйлдвэрлэх боломжгүй байхад импортын квот тогтоовол жирийн иргэдийн худалдан авах барааны үнэ өсчихнө. Харин үндэсний үйлдвэрлэлүүд хөгжиж эхэлбэл үүнийг импортын татвараар зохицуулалт хийж өгөх ёстой.

-Хямралыг ард түмнээс нуугаад үр дүнд хүрэхгүй-
-Дэлхий нийтийг түгшээж буй санхүүгийн хямралын талаар таны саналыг хуваалцъя. Нэгэнт дам нөлөөгөө үзүүлж эхэлсэн энэ хямралыг хохирол багатай даван туулах гарц Монгол Улсад бий болов уу?

-Монголын ард түмэн энэ хямралаас хэрхэн гарах талаар хамтаараа нэгдэж хэлэлцэх хэрэгтэй. Энэ хямралыг хамгийн хохирол багатай давж гарах улс нь Монгол байж магадгүй гэж би боддог. Мэдээж амаргүй. Харин төлөвлөгөөг эртнээс боловсруулж, мэдрэмжтэй бодлогоор хандах шаардлагатай. Гэхдээ түр зуурын шинжтэй арга хэмжээ авч цаг хугацаа алдах шаардлагагүй гэж бодож байна. Хүн ханиад хүрээд толгой нь өвдөж байхад ханиадны эм уухгүйгээр өөр эм уугаад байвал өвчин эдгэрэхгүйтэй адил энд зөв бодлого хэрэгтэй. «Бүсээ чангалах» гэдгийг хэрэгжүүлэх ёстой. Олон түмнээс энэ байдлыг нуух биш, ил тод мэдээлж, хэлэлцүүлэх хэрэгтэй шүү дээ.

-«Бүсээ чангалах» гэдэг үг хэсэгтээ «мода» болсон. Гэхдээ бүс чангалсан бүтэц харагдаагүй. Засгийн газар нэг талаар улс оронд хэрэгтэй шийдвэр гаргах сонирхолтой байгаа боловч нөгөө талаар ард түмэнд үйл ажиллагаагаа РR-дах зорилготой үг хэлдэг юм шиг?

-Хямралын гарцыг Засгийн газар хайж, УИХ-д танилцуулах байх гэж бодож байна. Тодорхой судалгаа шинжилгээ хийж, бодлого гаргаж ирэх ёстой. Үндэсний өндөр мэдлэг, боловсролтой, туршлагатай эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, ажил хэрэгч хүмүүсийг энд татан оролцуулж тэдний үг, саналыг сонсож ултай суурьтай зөв шийд гаргах хэрэгтэй байна.

-Энэ хямралыг даван туулахаар 180 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргах тухай яригдаж байгаа. Үүнийг та хэр зүйтэй алхам гэж үзэж байна вэ?

-Онолын хувьд авч үзвэл ийм үед Засгийн газрын бонд гаргах нь хамгийн буруу. Мөнгө үнэтэй болсон үед бонд гаргаснаар их өндөр үнэтэй мөнгө гаргахаас гадна хүүний дарамтад орно. Гэхдээ бонд гаргах нь болохгүй зүйл биш. Харин яаж гаргаж, юунд зориулах вэ гэдгийг тодорхой болгох ёстой.

Засгийн газрын танилцуулга дээр бонд 18-25 хувийн хүүтэй тарна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл дунджаар 20 хувийн хүүг Засгийн газар төлөх нь. 180 тэрбумын бонд гаргахад Засгийн газар жилд 36 тэрбумын хүү төлнө. Үүнийг ярихаар Монголбанкны дундаж хүүг 9.47 болгоё гээд байгаа юм. Монгол банк 1.5 хувийн хүүтэйгээр 3-5 жилийн хугацаатай байна гэдэг санал өгч байгаа. Бондын үндсэн зорилго нь төсвийн алдагдлыг нөхөх 100 тэрбум төгрөг гэж байсан. Ингээд барилгын салбарыг тэтгэх гэж байна уу, хөдөө аж ахуйг дэмжих юм уу, банкны салбарыг дэмжих юм уу аль нь тодорхойгүй байна. Тийм болохоор бид Эдийн засгийн байнгын хороонд ярьж, энэ бүхэнд хяналт тавьж ажиллана. Ямар ч байсан 180 тэрбумыг 300 тэрбум болгохоор дээр ярьсан. Хүү нь тодорхойгүй байгаа.

-Хямралын үед бонд худалдан авах болов уу?

-Юунд зарцуулахаас л шалтгаална. Засгийн газар дампуурахгүй тул бонд хамгийн найдвартай юм.
2009.01.26

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.