2018.05.10

Ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах, сайжруулах боломжтой боллоо

НҮБ-ын “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын 2018.05.10 –ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г баталсан.

2004 оноос үйлчилж эхэлсэн энэ гэрээнд одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байна.

Энэхүү гэрээний үндсэн зорилго нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын ГЕНЕТИК нөөцийг ХАДГАЛАХ, сургалт, судалгаа, ШИНЭ СОРТ бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай (CBD) уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хангах зорилготой.

Манай улсын хувьд хөрс, уур амьсгалын өөр бүсүүдэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнийг хэрэгжүүлэхэд төрөөс тодорхой бодлогоор дэмжихээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг өргөнөөр хүртэх боломжийг бүрдүүлэн ажиллах зайлшгүй шаардлага бий болсон юм.

ОУ-ын гэрээ батлагдсанаар манай улсын газар тариалангийн салбарт хэд хэдэн ач холбогдол  гарна.
  • Манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулах. Мөн дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах төдийгүй энэхүү гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэх юм.
  • Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэгийг хүртэх өргөн боломж нээгдэнэ.
  • Цаашид хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, судалж ашиглах чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, дэмжлэгүүд нь энэхүү олон улсын гэрээний үзэл баримтлалаар явагдана.

Хуулийг хэлэлцэх үед: УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун,  М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн билээ.

Гишүүдийн хувьд  манай оронд мал аж ахуй голлодог онцлогтой тул гэрээнд нэгдэн орсноор бэлчээрийн ургамлын генетикийн өөрчлөлтийн чиглэлээр судалгаа явуулж, шаардлагатай арга хэмжээ авах бололцоо хэрхэн бүрдэх талаар. Мөн манай улсын хөдөө аж ахуйн салбарын судалгааны шинжилгээний байгууллагын тогтолцоог бэхжүүлж, чадавхижуулах, бодлогоор дэмжих, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлээр холбогдох яамд яаж ажиллах зэргийг тодруулсан  юм.

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын секторын эрхлэгч Т.Атарсайхан:

Манай улсын хувьд сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнд 70 орчим таримлын 20500 дээжийг урт болон богино хугацаанд хадгалах, таримал ургамлын генийн сан Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд байдаг.

Харин Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр, тэжээлийн ургамлын 1800 дээж, сортын ургамлын генийн сан байдаг.

Гэрээнд нэгдэн орсноор судалгаанд дэвшилт гарах, олон улсын хамтын ажиллагаа эрчимжих боломжтой. Өөрийн санд байгаа мэдээлээ гишүүн орны судалгааны байгууллагад хуваалцах үүрэг хүлээх юм” гэсэн хариултыг өгсөн.

Энэхүү хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр батлагдсан юм.