Х.Нямбаатар 2018.05.11 | Сонин: Монголын үнэн

Х.Нямбаатар: Хохирогчийн өмгөөлөгчөөс хүний эрхийн зөрчил, дутагдал байгаа эсэх талаар мэдээлэл сонссон

Х.Нямбаатар: Хохирогчийн өмгөөлөгчөөс хүний эрхийн зөрчил, дутагдал байгаа эсэх талаар мэдээлэл сонссон
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 50 дүгнэлт, тогтоол ирүүлсэн билээ. Үүний дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос уг дүгнэлтийг судалж, хариу өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАРТАЙ ярилцаа.

-Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн дүгнэлтэд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг албан бичгийг судалж, хариу өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар багтсан. Бид бүхэн уг албан бичгийг судалж, эхнийхээ хариуг гаргасан. Тодруулбал, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийн шүүн таслах ажиллагааг олон улсын шинжээчдийн хяналтад ил тод, нээлттэй явуулаач. Монгол Улсад цаашид шүүн таслах ажиллагаа хүний эрхийг зөрчдөг, хаалттай гэх нэрийн дор учир битүүлгээр тулган тасалдаг жишиг тогтоод байна. Цаашид парламентын дэргэд Мөрдөн шалгах хороо байгуулах ёстой” гэсэн утга бүхий бичиг ирүүлсэн.

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалж “Ажлын хэсэг уг албан бичигт хариу өгөх асуудлыг судалж, шийдвэрлэх боломжгүй. Учир нь, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шийтгэх, дотоодын эрх зүйн бүх тогтолцоо дууссан учраас Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийнхний хэлсний дагуу шүүхийг дахин шинээр хуралдуулах, шүүн таслах ажиллагааг шинээр эхлүүлэх, ингэхдээ олон улсын ажиглагчид оролцуулах боломжгүй.

Хоёрдугаарт, парламентынхаа дэргэд Мөрдөн шалгах хороо байгуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх шаардлагатай болно. Бидэнд энэ хэмжээний эрх мэдэл байхгүй учир Ажлын хэсгийн хүрээнд шийдэх боломжгүй. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсвэл уг асуудлаар УИХ-ын дэргэд Түр хороо байгуулах нь зүйтэй” гэж үзсэн.

-Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийсэн гэж сонссон. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?

-Бид дээрх асуудлуудыг Ажлын хэсгийн хүрээнд шийдэх боломжгүй гэж үзсэн ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс Ажлын хэсэг хуралдах ёстой. Хуралдаанаар хүний эрхийн зөрчил, дутагдал гарсан эсэхийг шүүх хуралд оролцсон өмгөөлөгчдөөс сонсч, байнгын хороонд хариу өгөх ёстой гэсэн шийдэлд хүрсэн.

Ингээд Ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгчөөс хүний эрхийн зөрчил, дутагдал байгаа эсэх талаар мэдээлэл сонссон. Ажлын хэсэг гурван шатны шүүхээр гарсан шийдвэр, хэргийн тухай ярих, хэрэг хянан шалгах ажиллагааг буруу явсан уу, байцаан шийтгэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үү гэдгийг дахин шүүж, шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэх эрхгүй.

Энэ нь гагцхүү Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорт хамаарагдаж байгаа учир үүний хүрээнд асуудал яриагүй.

Мөн улсын нууцад хамаарах 77 хуудас материалыг шалгах эрх бидэнд байхгүй. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хамаарна. Харин өмгөөлөгч нарыг мөрдөж, мөшгөж байгаа эсэх, дарамтлах зэрэг илэрхий хууль тогтоомж зөрчсөн зүйл бий юү гэдэг талаар ярилцсан. Ажлын хэсгийн гишүүд бусад өмгөөлөгчийг дуудаж, дээрх асуудлаар ярилцах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэрэгт улсын яллагчийн багийг ахалсан, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг бидэнд мэдээлэл өгөөч гэж хүссэн. Тэрбээр Улсын ерөнхий прокуророос зөвшөөрөл авалгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-С.Зоригийн хэрэгт холбогдон шийтгүүлж байгаа хүмүүсийн өмгөөлөгчдөөс ирсэн үү. Тэд ямар мэдээлэл өгсөн бэ?

-Шүүхээршийтгэгдсэн ялтнуудын өмгөөлөгчид ирээгүй. Уг нь Хууль зүйн байнгын хорооноос уг асуудлаар ирж мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтийг явуулсан. Нэг нь шалтаг тоочиж, нөгөөдүүл нь ирж мэдээлэл өгөөгүй. Зөвхөн хууль ёсны төлөөлөгч буюу С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан ирж бидэнд тодорхой мэдээлэл өгсөн.

таныг мөрдөж мөшгөж байгаа юу, янз бүрийн дарамт бий юү гэдгийг тодруулсан. Тэрбээр “Миний утас байнга тасалддаг. Үүнийг би утас чагнаж байгаа гэж дүгнэж байгаа. Ер нь өмгөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд эрх тэгш оролцох боломжийг хангаагүй. Процессын ажиллагаанд бидний гаргасан нэг ч хүсэлтийг хангаагүй. Хэргийг хуульчийн зүгээс дүгнэхэд эргэлзээ төрүүлэхүйц байдлаар асуудлыг шийдсэн’’ гэсэн товч мэдээллийг өгсөн.

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-аас томилно гэсэн үг үү. Түр хороо байгуулна гэхээр Үндсэн хуулиараа боломжгүй юм байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Хүний эрх болон шүүн таслах ажиллагаанд хүний эрхийн зөрчил, дутагдалтай холбоотой асуудлаар Түр хороо байгуулах хууль эрх зүйн боломж бий. Түр хороо өмнөө тавьсан зорилтоо хангаад татан буугдана. Ажлын хэсэг байгуулах асуудал нь УИХ-ын даргад бий. Би УИХ-ын гишүүн, хуульч хүний хувьд хэд хэдэн бодолтой байна. Үнэхээр хүмүүсийн ярьж байгаачлан хэн нэг хүнийг хэлмэгдүүлээд улс төрийн зорилгоор асуудлыг тулгаж шийдсэн бол Монгол Улсын өнөөдрийн Үндсэн хууль, хүний эрх, шударга ёсны тогтолцоонд маш том гажуудал үүсэхүйц нөхцөл байдал үүснэ. Хоёрдугаарт, олон хүний амь амьдрал хуулийн “харанхуй хонгилд” орж бүхэл бүтэн айл, өрхийн аж амьдрал сүйрсэн байдал үүссэн үү, үгүй юү үйлдсэн этгээдүүд ял завшаад дуусах уу гэсэн болгоомж байна. Гэтэл манай Ажлын хэсэг хэргийг татаж аваад хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй. Бид зөвхөн тухайн хүмүүсийг мөрдөж мөшгөөд дарамталж байна уу. Эрүүдэн шүүх хэлбэр байна уу гэдгийг судлах ёстой. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдсэн. Хэрвээ конвенцод нэгдэн орчхоод асуудал үүсгэж байвал манай улсын хууль, шүүхийн тогтолцоо бүтнээрээ нурна. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхээр шийтгүүлсэн бүх хэрэг, маргаан үнэн зөв шийтгүүлсэн гэх итгэл үнэмшил олон түмэнд төрөхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр яагаад бүгдийг нууцлаад байгаа нь эргэлзээтэй байна. Ямартай ч Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс өгсөн бичгийн дагуу хүний эрхийн зөрчил дутагдал байгаа эсэх, үүнийг холбогдох механизмаар эргэж шалган материал үзэх боломж гарах болов уу гэсэн байр суурьтай байгаа.

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэхийг Байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Хэлэлцэхгүй гэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн зүйл гэсэн мэдэгдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан. Үүнд та тайлбар өгнө үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 1.6-д зургаан зарчим байдаг. Түүний нэг нь хууль дээдлэх зарчим. АТГ-ын даргыг томилж, сонгохтой холбоотой харилцаагаар Х.Энхжаргалыг УИХ-аас 2016 онд зургаан жилийн хугацаатай томилсон. АТГ-ын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөхөд нэг бол гэмт хэрэгт холбогдсон, эсвэл өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх гэсэн хоёр л заалт бий. Ийм нөхцөл байдал үүсээгүй байгаа учраас бид төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох Хууль дээдлэх зарчмыг зөрчиж энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдгийг Байнгын хорооны гишүүд дэмжиж, кноп дарсан.

М.ЭНХЦЭЦЭГ