2018.05.11

Н.Учрал: Цаашдаа стандартаа барих уу?

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

 УИХ-ын гишүүн Н.Учрал:

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг УИХ дэмжсэн. Бид стандарт барихгүй байна. Жишээ ярихад нэг сувилагчид 7 хүн ногдоно гэсэн стандарттай. Гэтэл өнөөдөр 40-50 хүн ногдоод явж байна.Монгол улс эмчгүй, багшгүй болж байна. Шатлал хэрэгтэй байна. Стандартаа барьдаг, шатлалын асуудлаа ярих хэрэгтэй. Цаашдаа стандартаа барих уу? Үгүй юу? Асуулга тавихаар 10 сарын дараа хэлэлцэх шаардлага алга байна. Цалин хөлсийг нэмэх, төрийн албан хаагчдыг яаж удаан ажиллуулах тал дээр анхаарах вэ?

УИХ-ын гишүүн, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар: Стандарт, нормыг баримтлах шаардлагатай гэсэн саналтай нэгдэж байна. Үүнийг засаж, шийдвэрлэх хэрэгтэй. Зэрэг, дэв нэмэхгүй гэсэн УИХ-ын 29-р тогтоол байгаа. ОУВС-тай тохиролцсон гэрээнд энэ талаар тусгасан. Цаашдаа өөрчлөх тал дээр анхаарна.