2019 онд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ
2018.05.11

2019 онд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

Иймд Засгийн газар татварын орчныг шинэчлэн хялбар, энгийн болгох, шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөсөн байна.

Ийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч ажилласан байна. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар танилцууллаа. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

Байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 5 сарын 9-нд хэлэлцсэн байна. Мөн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэн үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нарын гишүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн. Дараа нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үүний дараа дээрх тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэжээ.