Гарамжав.Ц Ундраа.А Батзориг.Б 2018.05.14 | Сайт: Vip76.mn

Хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулснаар иргэдээ амин дэмийн дутагдлаас хамгаалах бүрэн боломжтой

МАНАЙ ХҮН АМЫН 20-40 ХУВЬ НЬ ВИТАМИН БОЛОН ТӨМРИЙН ДУТАГДАЛТАЙ

 УИХ энэ сарын 3-ны өдөр “Баяжуулсан хүнсний тухай” хуулийг баталсан. УИХ-ын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нарын санаачилсан тус хуулиар хүн амын дунд өргөн тархаад байгаа “далд өлсгөлөн”-тэй тэмцэх юм.

Эрүүл мэндийн яамнаас хийдэг хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааны дүнгээр нийт хүн ам Д витамины дутагдал ихтэй гарсан байна. Бүс бүсээсээ хамаараад эмэгтэйчүүд, хүүхдүүд 90-95 хувийн дутагдалтай гэж гарчээ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин гэх мэт 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог аж.

АМИН ДЭМ, ЯЛАНГУЯА Д ВИТАМИНЫ ДУТАГДАЛ СҮҮЛИЙН ҮЕД Л ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН НЬ УЧИРТАЙ.

Монголчууд одоогоос 50-60-аад жилийн өмнө, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг, зун цагт, дулааны улиралд нарнаас Д витамин авч чаддаг байсан. Хүүхдүүдээ элсэн дээр гадаа тоглуулдаг байж. Сүүлийн жилүүдэд сүү, цагаан идээний хэрэглээ эрс багасаж, хүүхдүүддээ чихэрлэг төрлийн хүнс их хэрэглүүлдэг болсон. Ялангуяа чихэрлэг ундаа, төмсний чипс их идүүлдэг. Томчууд ч бэлэн хоолны хэрэглээгээ  нэмэгдүүлсэн. Хүнс тэжээлийн бүтэц ийм байдлаар нэлээд өөрчлөгдсөн нь шим тэжээлийн дутагдалд ороход нөлөөлснийг судалгаанууд харуулдаг.

Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ц.Зууннаст хэлэхдээ иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа 70.7 хувь нь хадгалах хугацааг нь хардаг боловч шимт бодисын мэдээллийг 2.5-хан хувь нь анзаардаг гэжээ.

Харин хүн амаа тэжээлийн дутагдлаас хамгаалах хамгийн шалгарсан арга бол өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг шим тэжээлт бодисоор баяжуулах явдал гэж хуулийн төслийг санаачлагчид үзсэн байна.

Тэжээлийн дутагдал нь хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй нөхөн үржихүйгээс хүн амын удмын сангийн асуудал, нийгмийн эрүүл мэндийн ерөнхий зардлаас хүний хөгжлийн индекс, цаашилбал тогтвортой хөгжлийн бодлогын төвшинд хүртэл нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг төр засаг анхааралдаа авах нь зүй ёсных” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлжээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Ундраа: “Хүнсийг баяжуулахын ач тусыг үйлдвэрлэгчид сайн ойлгодог. Үүнд төрийн дэмжлэг  маш их дутагдаж байсан. Тиймээс төрөөс үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд эхний ээлжийн тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн хүн сургах зэрэг зардлыг төрөөс дэмжинэ” гэжээ.


БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ХҮН АМЫН ДУНД ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШААРДЛАГАТАЙ АМИН ДЭМЭЭР БАЯЖУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БАЙНА.

Ингэхдээ Эрүүл мэндийн яамнаас гаргадаг судалгаан дээр үндэслэн хүн амын дунд дутагдаж байгаа амин дэмийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл энэ хууль зөвхөн Д витамины хүрээнд биш цаашид гарах судалгаан дээр үндэслэн шаардлагатай амин дэмийг хүнсний бүтээгдэхүүн дээр баяжуулах юм. Эрүүл мэндийн яамнаас гаргасан энэхүү судалгааны дагуу ХХААХҮЯ-наас ямар бүтээгдэхүүнийг баяжуулж, ямар аргаар иргэдэд хүргэх зохицуулалтыг хийх юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг сайн дураар хүнсний бүтээгдэхүүн баяжуулж байгаа компаний үйлдвэрүүдтэй танилцсан байна. Судалгаа хийхэд нэг гурил баяжуулахад үнэ нь 5-7 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. Төрөөс тодорхой тоног төхөөрөмж, нэмэлт бүтээгдэхүүн зэргийг нь НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх замаар үйлдвэрлэгчдээ дэмжих юм.

Ингэснээр баяжуулсан бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очихдоо ямар нэгэн үнийн нэмэгдэлгүй байхаар зохицуулсан гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Т.Гантогтох хэлсэн.

Монгол Улсын хувьд хүнс баяжуулах нь цоо шинэ зүйл биш юм. 1990-ээд оны эхнээс давсыг иоджуулж хэрэглэснээр хүн амын дунд 30 хувьд хүрээд байсан бамбай, бахлуурын өвчлөлийг бууруулж, өнөөдөр 7,8 хувьд хүргэсэн байдаг.  Түүнчлэн дэлхийн даяар 14 орон сүүг, 85 орон гурилыг, 27 орон ургамлын тосыг, 130 орон давсыг баяжуулан хэрэглэж байгаа ажээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn