Ж.Энхбаяр гишүүн гэр бүлээрээ “гоёлоо”
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэр бүлийн хамт
2018.05.15

Ж.Энхбаяр гишүүн гэр бүлээрээ “гоёлоо”

Өнөөдөр дэлхий нийтийн гэр бүлийн өдөр. Гэр бүлийн хоорондын амьд харилцаа бүхий чөлөөт орон зайг бүрдүүлэх, аз жаргалтай дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх зорилготой энэхүү өдрөөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр фэйсбүүк хуудсандаа гэр бүлийнхээ зургийг оруулан, дурсамжаа хуваалцжээ.

20 настай, учраа ч олоогүй байхдаа аав болж байлаа. Шилжилтийн хүнд үе байсан. Төдөлгүй 23 настай байхад аав минь мөнх бусыг үзүүлж, амьдралын бүх хариуцлага миний нуруунд ирсэн. Маш завгүй нэгэн болсон. Бусдын л адил мөр бүтэн, гэдэс цатгалан амьдрахын тулд тасралтгүй ажиллахаас өөр аргагүй болсон” хэмээн аав болсон түүхээ хуваалцсан тэрээр гурван хүүтэй болсондоо тун ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Гурван хүү төрүүлж өсгөсөн эхнэрээ “Энэ хүн миний бат найдвартай ар тал. Бид юу ч үгүйгээр нийлсэн. Хүүхдүүдээ дагуулаад хажуу өрөө хөлсөлж, шалан дээр гудас дэвсээд унтдаг байлаа” хэмээн тодорхойлжээ.

Харин УИХ-ын гишүүнээр ажиллаад 10 жил гаруй өнгөрөх хугацаанд эрс өөрчлөгдсөн үснийхээ талаар тэр: “Миний буурал үс үү? Удам уу, хувь тавилан уу, ажлын ачаалал уу сайн мэдэхгүй байна. Будчихвал шал өөр дүр төрхтэй болох байх аа. Гэхдээ улс орны амаргүй албанд ороод сүүлийн найман жил өнгө нь эрс хувирлаа” гэсэн байна.