Чинзориг.С 2018.05.16 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг сайд “Өнөр бүл” төвд нэг сарын цалингаа хандивлалаа

“Өнөр бүл" хүүхдийн төвийн хүүхдүүд “ӨНӨР БҮЛ–БИДНИЙ ӨРГӨӨ” бүтээлийн үзэсгэлэн-худалдаа, урлагийн тоглолтоо 5 дах удаагаа уламжлал болгон зохин байгуулсан юм. Энэ удаагийн тоглолтонд ХНХЯ-ны сайд С.Чинзориг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

"Өнөр бүл- бидний өргөө" бүтээлийн үзэсгэлэнд С.Чинзориг сайд оролцлоо

С.Чинзориг сайд өөрийн цахим хуудаснаа: ХНХЯ-ны харьяа “Өнөр бүл” хуучнаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн авьяаслаг бяцхан жаалуудын "Өнөр бүл бидний өргөө" тайлан тоглолтыг үзлээ. Мундаг авьяастнуудтай тус төвд 100 гаруй хүүхэд амьдарч, сурч, хүмүүжиж буй бөгөөд тэдний авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие даасан амьдралд бэлтгэхэд багш, ажилтнууд байнга анхаарч байдгийн тод илэрхийлэл өнөөдрийн энэхүү тоглолт байлаа. Засгийн газар хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хийж байгаа, цаашид ч хийхээр төлөвлөсөн зүйл олон бий. Энэ хүрээнд бид улсын төсөвт холбогдох хөрөнгийг суулгаж, "Өнөр бүл" төвийн барилгын ажилд туслалцаа үзүүлэхээр болсныг тайлан тоглолтын үеэр тус төвийнхөнд дуулгасан юм. Мөн хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө анхаарч, боловсрол, авьяасыг нь хөгжүүлж буй багш сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийлж хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд зориулж өөрийн нэг сарын цалингаа хандивлалаа хэмээн бичжээ.

"Өнөр бүл" төвийн авьяаслаг хүүхдүүд

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хувьд төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 02-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон, эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдийг хүлээн авдаг. Тус төв Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харъяа, төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм. Энэ төвд одоогийн байдлаар 02-18 хүртэлх насны нийт 182 хүүхэд амьдарч байна.

"Өнөр бүл" төвийн хүүхдүүд бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлж байна

Хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэн, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас билгийг  нээн илрүүлэх, хөгжүүлэх, бие даан амьдрах чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэхүй, танин мэдэхүйг нь хөгжүүлэх зорилгоор 9 нэр төрлийн дугуйланд тогтмол хамруулдаг.

Хүүхдүүд бүтээлчээр сэтгэж,  өөртөө итгэх итгэлтэй болж байна.

Хүүхдүүд 9 төрлийн дугуйланд хамрагдаж байна

Хүүхдүүд дугуйлан, мэргэжлийн сургуулиудад суралцсанаар юу сурч мэдсэнээ, хэрхэн хөгжиж байгаагаа, хийсэн бүтээлүүдээ танилцуулж тайлагнахаар “ӨНӨР БҮЛ–БИДНИЙ ӨРГӨӨ” бүтээлийн үзэсгэлэн-худалдаа, урлагийн тоглолтоо 5 дах удаагаа уламжлал болгон зохин байгуулсан юм. 

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа