Залуу малчид уяачдын үндэсний зөвлөгөөн амжилттай боллоо
2018.05.15

Залуу малчид уяачдын үндэсний зөвлөгөөн амжилттай боллоо

ММСЗУХ-оос санаачлан ХХААХҮЯ, БСШУЯ, НХХЯ тай хамтран зохион байгуулсан “Залуу малчид уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд  болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд хот хөдөөгийн таван зуу гаруй залуу малчид уяачид хүрэлцэн ирсэн бөгөөд  ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга тэргүүтэй УИХ, ЗГ-ын гишүүд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлээд төрөөс малчид, уяачдын талаар гаргаж буй хууль тогтоомж, авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж, Үндэсний их баяр наадмаа Монгол улс даяараа нэг өдөр зэрэг тэмдэглэдэг болох, хурдан морь унаач хүүхдийн насыг нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдал уралдаанч хүүхдийг сургах гэрчилгээ олгох боловсролын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Малчид уяачдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, өнгөрсөн болон өнөө цагийн аж амьдралын хөгжил дэвшлийн тухай илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан нар  зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, УИХ-ын гишүүн О.Батнасан “Мал амьтаны эрүүл мэндийн тухай” тус тус хуулийн танилцуулга хийлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Мөн Үндэсний зөвлөгөөнд МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил, АИХ дарга асан Г.Гомбожав нар хүрэлцэн ирж өөрсдийн аж амьдралын туршлага, мал маллах, хурдан морь уяж сойх арга ухаанаасаа хуваалцсан нь залуу малчид уяачдад сурааль үгээ хайрласан урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо. Мөн Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй арван гурван тод манлай уяач болон  Монгол улсын манлай алдарт уяач нар мөн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн.

Мөн ХААХҮЯ, ХААИС, ЦЕГ-ын Малын хулгайтай тэмцэх хэлтсийн мэргэжлтэнүүд ч мөн холбогдох сэдвийн дагуу лекц илтгэлүүдээ танилцуулан хамтран ажиллахаа илэрхийллээ.

Удахгүй УИХ-аар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Тэгвэл энэ Хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хийж, эрдэмтэн судлаачид, уяачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлыг нь сонсч сонирхсон асуултад нь хариулсан юм.