Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг сонсов
2018.05.15

Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг сонсов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2018.05.15) хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр Байнгын хорооноос Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов.

Байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 382 зорилтоос 14 нь бүрэн, 42 нь 70 хувийн хэрэгжилттэй байна. Гэвч Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээний 85.1 хувь нь хангалтгүй буюу 0-40 хувийн биелэлттэй байгаа учраас хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзжээ.

 Энэ үндсэн дээр хөтөлбөрөөс харьцангуй сайн хэрэгжилттэй байгаа арга хэмжээнүүдийг олон нийтэд сурталчлах ажлыг хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах, мөн хэрэгжилт нь удаашралтай байгаа болон бүрэн хэрэгжих боломжгүй болсон зорилтуудын шалтгаан, нөхцөлийг олон нийтэд бодит байдалд үндэслэн тухай бүрт нь тайлбарлан таниулж байх, түүнчлэн олон нийтийн зүгээс харьцангуй хүлээлт ихтэй байгаа 35 зорилтод онцгой анхаарч 2018 онд хэрэгжилтийг 70-80 хувьд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ажлын хэсгээс боловсруулсан чиглэлийн дагуу Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлүүд өгөхөөр тогтлоо