2010.06.11

Д.Тэрбишдагва: Эдийн засгийн хэмнэлт нь тодорхой байхад улс төрийн шийдвэр гаргах гэж байна

УИХ-ын гишүүнД.Тэрбишдагватай төмөрзамын асуудлаар ярилцлаа.

-Нарийн цариг Хятадынх, өргөн цариг бол Орос гэж бид ойлгоод байна. Энэ ойлголтыг яаж нэг мөр болгох вэ?

-Үнэндээ нарийн царигийг дэлхий нийтээр буюу АНУ, Канад, Австрали, Европын холбоо, Япон, Хятад, Арабын улс орнууд хэрэглэж дэлхийн бараа эргэлтийн 90 хувийг гүйцэтгэж байна. Гэхдээ бодолцох хэрэгтэй. Нэгэнтээ барьж байгуулсан төмөр замыг аваад хаячихгүй нь ойлгомжтой, цаашид ашиглах ёстой. Төмөр замыг ирээдүйд хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг нухацтай бодож зөв шийдвэр гаргах нь чухал. Өнөөдөр Казахстан Латви,Литви, Украйн зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс гүрнүүд хуучин төмөр замаа ашиглахын хажуугаар нарийн төмөр зам тавиад эхэлчихсэн. Засгийн газрын УИХ-д оруулж ирсэн бодлогоор Монгол Орос хоёр улс төмөр замын техник технологиос 20 жилээр хоцорсон өргөн царигтай төмөр замтайгаа үлдэх нь байна.

-Эдийн засгийн хувьд зөрүү ихтэй гэх гишүүд цөөнгүй байсан.Энэ нь төсөв хэмнэх нэг боломж юм болов уу?

-Эдийн засгийн хувьд зөрүү гарах нь ойлгомжтой тооцоо судалгааг бодит баримт харуулж байгаа. Өөрөө зохиогоод юм уу агаар тэнгэрээс хий хоосон зүйл яриад байгаа юм биш. Цөөхөн жишээ дурьдахад, нарийн царигтай төмөр замд дэлхий нийтийн жишгээр 1-3 хүн ажилладаг бол өргөн төмөр замд 14-17 хүн, Монголд 8.2 хүн ажилладаг. Энэ нь эдийн засгийн тооцоо шинжлэх ухаан технологийн дэвшил мөн. Нарийн төмөр зам барих зардал нь өргөнөөсөө нэг км тутамд дунджаар60-100 сая төгрөгөөр хямд. 5000 км зам тавихад 300-500 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Дээр нь ашиглалтын зардал багаар бодоход 20-30 хувь хямд гээд яривал маш олон тооцоо судалгаа баримтыг хэлж болно. Энэ бүгдийг нарийн тооцвол маш их мөнгөн дүн гарна.

-Нарийн царигтай төмөр зам ачаа даах чадвар багатай гэх мэдээлэл гарсан.Гэтэл дэлхийн ачаа эргэлт нарийн царигтай төмөр замаар явж байгаа гээд байдаг?

-Өргөн царигтай төмөр замыг бодвол ачаа илүү даана. Магадгүй XIX зууны дунд үед өргөн цариг нарийн царигийг бодвол илүү жинтэй ачаа тээдэг байсныг үгүйсгэхгүй. Харин одоо шинжлэх ухаан, техник технологи хөгжлийн асар их дэвшил гарсан үед тооцоо судалгаанаас үзэхэд өргөн төмөр замын нэг дугуй 25тонн даах чадвартай байдаг бол нарийн төмөр зам 35 тонн даах чадвартай. Нарийн төмөр зам даацыг 45 хувиар өсгөж чадсан нь дэвшил. Тэгээд нарийн царигаар явахаар түлшний зардал 17 хувиар буурах боломж гарч байна. Эдийн засгийн тооцоо хийвэл асар их мөнгөн дүн гарах байх. Нарийн царигийн төмөр замууд нь техник технологийн бүтээмж нь хавьгүй өндөрт хүрч чадсаныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Ашиглалтын зардал хямдхан, засвар үйлчилгээ, ажлын байрны нөх-цөл илүү, шинэ технологис дагаад боловсон хүчний мэдлэг чадвар сайжирна. 2 жилээр түрүүлж яваа юм чинь шинэ техник технологи хэрэглэнэ. Тэгэхээр боловсон хүчний мэдлэг чадвар дээшилнэ гэж үзэж байна. ЗХУ-ыг дагаж хөгжсөн нь сайн хэрэг, маш олон ололт бий. Ах нар бидэнд тусалсан нь үнэн. Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс хоцорсон нь бодит үнэн. Нарийн төмөр зам тавих, өргөнийг тавих хоёрт алинд нь илүү шороо, цемент, дэр мод орох вэ гэдгээр бодоход л хэн ч ойлгох тооцоо харагдана. Шинжлэх ухаан техник технологийн дэвшил эдийн засгийн тооцоо үр ашгаа харах хэрэгтэй. Гэтэл улстөрчид бид улс төрийн шийдвэр гаргаж эдийн засаг хамаагүй мэтээр ярих нь тун хариуцлагагүй. Улстөрийн шийдвэр гэдэг нь эдийн засгийн суурь тооцоонд тулгуурласан байх хэрэгтэй. Цаг хугацаа бүгдийг харуулна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.