Баасанхүү.О 2018.05.16 | Өглөөний сонин

МАХН О.Баасанхүүд “халдаж” болох ч бүрэн эрхэд нь халдаж болохгүй

МАХН О.Баасанхүүд “халдаж” болох ч бүрэн эрхэд нь халдаж болохгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын удирдлагууд

УИХ-д гурав дахь хүчнийг төлөөлж буй О.Баасанхүү гишүүн ганц дайчин ганцаардахгүй гэгчээр сөрөг хүчин, эрх баригч намын “ах” улстөрчидтэй байр сууриа хамгаалж ана мана үзэлцдэг. Үүнийхээ төлөө сайн муугаараа цоллуулдаг түүний УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нэг намын нөхөр нь халдсан үйлдэл уржигдар гарсан. Тодруулбал, эл өдөр Улсын Дээд шүүхээр МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүн намынхаа дэд дарга О.Эрдэнэжамъяантай маргалджээ. Энэ үеэр тус намын гишүүн Н.Уламбаяр гэх залуу О.Баасанхүүгийн биед халдсан үйлдэл гаргасан юм.

Энэ талаар өчигдөр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын гишүүн Н.Удвал, Ц.Шаравжамц, Н.Уламбаяр нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр МАХН-ын гишүүн Ц.Шаравжамц “Улсын дээд шүүхээр МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх үед О.Баасанхүү гишүүн шүүхийн танхимд салаавч гаргаж танхайрсан. Бид энэ үйлдлийнх нь УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана" гэсэн юм. Дараа нь МАХН-ын гишүүн Н.Уламбаяр “Миний бие О.Баасанхүүг зодоогүй. Харин түүний салаавч гаргасан үйлдэл камерт бичигдэж үлдсэн байгаа. Тиймээс энэ ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй. Мөн “О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа" гэдэг мэдээлэл үндэслэлгүй. Дээд шүүхийн хуралдааны дараа тэр зүгээр гараад явсан” хэмээн өөрийгөө өмөөрсөн.

Харин энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өөрөөс нь тодруулахад "Дээд шүүхийн шүүх хуралдааны танхимд миний биед халдсан уу гэвэл халдсан. Бүх үйл явдал тэнд байсан камерт бичигдэж үлдсэн. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна. Мөн надад шүүх танхимд танхайрах ёс зүй байхгүй гэдгийг хэлье. МАХН-ны зарим гишүүний ярьж байгаа шиг явдал огтоос болоогүй. Хууль хяналтын байгууллага хэн үнэн, хэн нь худал ярьж байгааг тоггоох биз” гэсэн юм.

Өмнө нь ч мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед халдсан хэрэг гарч байсан билээ. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн үүдэнд нэгэн эмэгтэй О.Баасанхүү гишүүний биед халдаж, үг хэлээр доромжилж улмаар УИХ-ын гишүүнийг сүрдүүлсэн үйлдэл гаргасан байдаг. Үүнээс өмнө УИХ-ын гишүүний биед халдсан тохиолдол гарч байсан бөгеөд тухайн үед төрийн тусгай хамгаалалтынхан ч тэдэнд хүрч байгаагүй. Тодруулбал, өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүун Г.Баярсайханд “ухарамсарын шанаа” өгч байсан. Мэдээж төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд төрийн тусгай

хамгаалалтын албаныхан байсан. Тэгсэн ч тэд УИХ-ын гишүүний дархан эрхэд халдахгүйн тулд зодоонд оролцох байтугай салгаа ч үгүй өнгөрч байв.

Учир нь УИХ-ын 76 гишүүн биед нь иргэн байтугай хууль хяналтын байгууллагын албан хаагч ч хүрч болдоггүй дархан эрх эдэлдэг.

МАХН хагарч хуваагдсан байж болно. Гэлээ ч шүүхийн тэр тусмаа Улсын дээд шүүхийн танхимд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг зөрчиж, хэн дуртай нь УИХ-ын гишүүний биед халдах эрхгүй. Түүнчлэн ийм үйлдэл гаргасан намын гишүүнээ удирдлагууд нь өмөөрч “О.Баасанхүүг зодоогүй” хэмээн хэвлэлийн хурал хийх нь хэр зохистой вэ?

О.Баасанхүү л Орхон аймгаас нэг мандат авчирсны хүчинд тус нам өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тоосоо өргөж, ард түмнээс нэлээд санал халаасалж, улс төрийн гурав дахь хүчин гэдгээ нотлон харуулж чадсан. Үүнийг дурдахаа больё, намынх нь удирдлага О.Баасанхүүд дургүй боллоо, гишүүнээсээ хаслаа гэж бодоход тэр хүн МАХН-ын гишүүн биш болсон ч УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа.

Дээрх дурдсан хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцдаг. Харин МАХН-ын гишүүн Н.Уламбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан нь зөвтгөхөөр үйлдэл мөн үү.

Б.БИЛГҮҮН