2010.10.25

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр даргыг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэхэд хэрэггүй гэж хэлж л байсан

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.

-МАХН нэр, үзэл баримтлалаа шинэчлэхээр бужигнаж байна.Та намын гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Удахгүй болох их хурал өвөрмөц болно гэж найдаж байгаа. Маш ардчилалтай хурал болоосой гэж хүсэж байгаа. Энэ хурлаараа хэлэлцээд олонхын саналаар шийднэ.

-Гишүүдэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгосон, сонголт хийх эрхийг нь хүндэтгэн тулгахгүй байгаасай гэж бодож байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Төлөөлөгч болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэр дундаас нь зөв бодлого, зөв алхмаа тодорхойлоход анхаараасай гэж бодож байна. Хэсэг хүмүүс нэгдэн бүлэглэлээрээ шийдвэр гаргах юм бол үр дүн гарахгүй. Мөн энэ их хурлаар XXV хурлаас гаргасан бодлогын шийдвэрийн үр дүнг дүгнэж ярих байх.

-XXV их хурлаар бодлогын баахан баримт бичгүүд батлаад байсан, хэрэгжсэн юм уу?

-XXV их хурлыг хийлгэх, шинэчлэл, өөрчлөлт хийхийн төлөө зүтгэж байсан нэлээд олон хүний нэг нь. Элсний 13 гээд эсэргүүгээрээ баахан цоллуулсандаа. Гэвч XXV их хурал дээр ярьсан, баталсан баримт бичгийн хэрэгжилт муу байна. Тийм байтал дахиад л өөрчилнө, шинэчилнэ гээд бужигнаж байна. Уг нь хийнэ гэж ярьснаа хэрэгжүүлдэг байх нь чухал байгаа юм. Түүнээс хэлсэн үг бүдгэрдэг, бичиг цаасан дээр буулгасан ч хэрэгжүүлдэггүй, ширээнийхээ нүдэнд хийгээд мартчихвал шинэчлэл гэж мянга яриад яах вэ дээ. Харин үүнийгээ хэрэгжүүлээч гэж сэргээж сануулсан нэгнээ баалдаг, буруутгадаг байж болохгүй л дээ.

-Хэнийг тэгж буруутгаад байгаа юм бол оо?

-XXV их хурлаас гаргасан баримт бичгүүд хэрэгжихгүй байгаа талаар цээр дурдсан. Боловсон хүчний бодлого болохгүй байна, нөгөө баталсан зүйлээ мөрдөж байгаа юм уу гээд саналаа хэлэхээр буруутгаад, намын бодлогоос зөрлөө гээд баалаад байгааг харж байгаа биз дээ. Тэгсэн атлаа нэг том хурал болохын өмнө дахиад л өмнөх зүйлээ арай нэг өөр болгоод шинэчлэл, өөрчлөлт гэж ярих утгагүй санагдах юм. Аливаа зүйлийг ярихад их амархан, хэрэгжүүлэхэд хэцүү шүү дээ. Үнэхээр л хэлж, уриалаад байгаа шиг нь шинэчлэл, өөрчлөлтийн хурал болоосой. Гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгож хэрэгжүүлээсэй, үр дүнг нь намынхаа гишүүдэд, идэвхтэн дэмжигчид, ард түмэн, улс орондоо тайлагнаасай гэж хэлмээр байна.

-Нэрээ өөрчилж МАН болгох нь зүйтэй гэж боддог уу?

-Нэрээ өөрчлөх нь зөв гэж боддог. Өмнө нь ч МАН гэж өөрчлөхийг дэмжиж байна гэдгээ илэрхийлж байсан. Би хэлсэн үгнээсээ буцдаггүй, өнөөдөр нэг зүйл яриад маргааш өөр зүйл ярьж явдаг хүн биш ээ.

-Үзэл баримтлалын хувьд?

-Энэ асуудлыг нэлээд бодууштай юм билээ. Үзэл баримтлалыг өөрчилж болно. Гэхдээ одоо өөрчлөх цаг нь болсон уу, үгүй юу гээд тунгааж хүмүүсийн хэлсэн ярьсныг сонсоод, олон улсын туршлага, онолын ном гэх мэт олон янзын баримт бичгүүдийг үзэж танилцлаа. Өдий болтол өөрийнхөө байр суурийг яагаад илэр-хийлээгүй байна вэ гэхээр мэдэхгүй байж ардчилсан үндэсний үзэл чинь буруу юмаа гээд эсвэл эсэргүүцэхийн төлөө юм шиг аашилж болохгүй гэж л бодсон хэрэг. Тиймээс өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болохын тулд судалж үзэж байна.

-Тэрэлжид МАХН-ын Удирдах зөвлөл тунхаг бичгээ УИХ дахь бүлгийнхээ гишүүдэд танилцуулахад бүгд дэмжсэн юм биш үү?

-Би Тэрэлжид болсон уулзалтад оролцсон. Гэхдээ байр сууриа илэрхийлж үг хэлээгүй. Тэр хуралд үндэсний ардчилсан үзлийн талаар нэлээд судалсан хүмүүс тайлбарлаж ярихад нээрээ ч зөв юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байсан. Бас Үндэсний ардчилсан үзэл гэхээр Германы үндэсний намуудын талаарх янз бүрийн түүх санаанд орж сайн судалж байж дуугарах хэрэгтэй гэж бодсон гэх үү дээ. Тэгээд ч тэр уулзалт дуусаагүй байхад надад яаралтай ажил гараад яваад өгсөн. Ер нь би өөрчлөлт шинэчлэлтийн талд байнга зогсдог. Үүнийг маань намын гишүүд, ард түмэн мэддэг.

-Анх ардчилсан үндэсний үзэл санааг үзэл баримтлалдаа шигтгэнэ гээд байсан бол одоо нийгмийн ардчилсан үзэл гэж өөрчилж томьёолох болжээ?

-Тэрэлжийн тунхаг бичгийг гаргахад "Үндэсний ардчилсан үзэл санааг намынхаа үзэл баримтлал болгоно. Үндэсний ардчилсан үзэл санааг хүн төвтэй хөгжлийн бодлогод тулгуурласан нийгмийн баримжаа бүхий зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх шинэ утга агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийг зорино" гэж тусгасан. Гэтэл хэдэн өдрийн дараа нийгмийн ардчилсан үзэл санаа гээд өөрчлөгдөж байна. Энэ нь эрдэмтэн судлаач, намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүн байх л даа. Харин Үндэсний ардчилсан үзлийг зөв гэж хэвлэл мэдээллээр баахан ярьж, их мэдэхийн дүрд тоглочхоод хэдхэн хоногийн дараа Нийгмийн ардчилал гэж тайлбарлаад, яриад байгаа нь өөрийн гэсэн үзэл баримтлал, байр суурьгүйг илтгэж байна. Нийгмийн ардчилал гэдгийг сайн тайлбарлаж ойлгуулах нь чухал. Саяхан тойргийнхоо иргэд сонгогчидтой хэд хэдэн уулзалт хийлээ. Тэр уулзалт дээр хүмүүс нийгмийн ардчилал гэхээр өмнө нь ардчилалгүй бай-, сан хэрэг үү гэж асууж байна лээ. Мөн Нийгмийн ардчилал гэх үү, бүхэл бүтэн нийгмээр нь ардчилах гэсэн үг үү гээд тодруулга авахыг хүсэж байсан. Бас бодууштай л зүйл. Би онолын судлаач эрдэмтэн биш. Гэхдээ нийгэмд дундаж түвшний амьдралтай хүмүүс аль болохоор олон болж сэтгэл хангалуун амьдраасай гэж боддог учраас МАХН-ын нийгмийн чиг баримжаатай ардчилсан социалист үзэл баримтлалыг дэмждэг. Их хурлын төлөөлөгчид тал талаас нь ухаанаа уралдуулж хэлэлцүүлээд шийднэ. Зөв шийдэл гаргана гэж найдаж байгаа.

-МАХН тоталитар дэглэм рүү явж байна гэж Н.Удвал зэрэг эрдэмтэд шүүмжлэх болжээ?

-Бие биенийхээ хэлсэн үг, дэвшүүлсэн үзэл санааг гуйвуулаад байлгүй бодит үнэнээ л ярилцаад олонхоороо шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж бодож байна.

-МАХН дотроосоо хагарч байна уу эсвэл...

-Аливаа асуудлын талаар намын гишүүд чөлөөтэй санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Хэн нэгэн нь тэдний хэлж ярих эрхийг хязгаарлаж, бас шахаж болгохгүй биз дээ. Хэчнээн чөлөөтэй ярилцаж бодол санаагаа онгойлгох тусам төдий чинээ мэдээлэл бий болно. Мэдээлэл сайтай болсноор буруу, зөрүү ойлгосноо ухаардаг. Тиймээс манай намынхан айхтар хагаралдаад байгаа гэж бодохгүй байна.

-"МАХН-ын шинэчлэл ухрах уу, урагшлах уу" хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулж байгаа.Та ер нь очиж оролцов уу?

-Үгүй. МАХН-ын Бага хурал болох үед, дуурийн театрт болсон хэлэлцүүлэг болоход ч гадаадад ажлаар явж байсан.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намын үзэл баримтлалыг өөрчлөх гэж байгааг шүүмжлэн мэдэгдэл гаргаснаас хойш хэлэлцүүлгийг зохион байгуулж өөрөө ч оролцож үг хэлж байна. Та түүний явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаа юу?

-Энэ хүн МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Мөн МАХН сонгуульд ялагдаад хүндхэн байдалтай байхад намын дарга болж ардчилсан социалист үзэл баримтлалыг авч Социнтернд элсүүлэн олон залуусаар намынхаа эгнээг тэлэн шинэтгэлийг хийсэн. Тиймээс байр сууриа илэрхийлж, алдаа оноо байвал хэлэхэд нь гайхаж цочоод байхаар зүйл биш шүү дээ. Намын жирийн гишүүдтэйгээ уулзаж ярилцаж байгаа нь Тэрэлжийн тунхагт тусгасан үндэсний ардчилсан үзэл гэвэл учир дутагдалтай юм байна, нийгмийн ардчилсан үзэл гэж нэрлэх нь зүйтэй гэж шийдэл гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Бүгдээрээ яривал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг биз дээ. Н.Энхбаяр, Н.Багабанди, М.Энхболд, С.Баяр гээд МАХН-ыг толгойлж байсан үе үеийн намын дарга нар болно. Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар тухайн үед ардчилсан социалист үзэл баримтлалыг онол, арга зүйн талаас нь судалж байсан эрдэмтэн судлаачдын хэн нь ч үзэл баримтлалыг шинэчлэх гэж байхад дуу хоолойгоо хүргэх эрхтэй. Та намын дарга байсан хүн юм чинь намаа бодоод дуугүй байгаарай, буруу зөрүү зүйл хийж байсан ч нүдээ аниад байж бай гэж болохгүй биз дээ.

-Шинэчлэл гэж ярих амархан, өөрчилнө гээд баримт бичиг батлах хэцүү биш байх. Харин түүнийгээ ажил хэрэг болгох, амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал юм шиг санагддаг?

-Шинэчлэл бол байнга явагдаж байх ёстой. Нам гэдэг чинь нэг хэвэнд цутгасан хэвээрээ байгаад байвал амьд бус организм болно. 25 дугаар их хурлаар гурван том баримт бичгийг баталж гаргасан. Хэрэгжилт нь хангалттай биш, орхигдсон олон зүйл байгаа гэж үздэг. Үүнд би шүүмжлэлтэй хандсаар ирсэн, удахгүй болох их хурал дээр бодит байдлыг хэлнэ гэж бодож байгаа.Харин үг хэлсэн хүнийг энэ бидний мууг үзэх гээд байна гэж харахаасаа илүү санал, зөвлөмж хэлж байна гэж ойлгож, авахыг нь авч, хаяхыг хаядаг байх ёстой. Авах гээхийн ухаан гэж байдаг даа.

Ц.Нямдорж сайд бидний үе шинэчлэлээ хийгээд дууссан,дараагийнхдаа зай тавьж өгөх цаг болсон, Н.Энхбаяр тэтгэвэртээ гарах ёстой гэсэн утгатай үг хэлсэн байна лээ?

-Сү.Батболд, Н.Энхбаяр Ц.Нямдорж гээд хувь хүний талаар яримааргүй байна. Бие бие рүүгээ шүлс үсэргэх нь хүмүүсийн элэг доог болохоос биш өөр ямар хэрэгтэй юм. Ингэж явган хэрүүл хийж байхаа шинэ санал, санаачилга гаргаж бодлого ярьж мэтгэлцдэг байвал дээрсэн гэж боддог. Би одоо Ц.Нямдоржтой юу ч ярих вэ дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар чинь хамтарч зүтгэж байсан хоёр шүү дээ. Ц.Нямдорж Н.Энхбаярын тэтгэврийн тухай, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар Ц.Нямдоржийн тэтгэвэрт гарах тухай ярьдаг болоо шив дээ. Тэгээд ч авьяас чадвар, мэдлэг оюун тэтгэвэрт гардаггүй гэдэг байх аа. Тэтгэвэрт гэвэл нас нь ойролцоо байх. Ц.Нямдорж нь ах шүү дээ. Нэг дор цуг ажиллаад, хажуу бөөрөнд нь наалдчихаад хасар басар болж байснаа одоо болохоор үзэж чадахгүй байгаа нь сонин л юм. Бие бие рүүгээ дайрсан жудаггүй зангаа болимоор доо. Хэн дарга болно түүний зөв гэж далдагнадаг хүнд би дургүй.Өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэй. Гэхдээ би олон зүйл яриад яах вэ дээ. Дээр хэлсэнчлэн нь авьяас, эрдэм ухаан тэтгэвэртээ гардаггүй юмаа гэдгийн бодит нотолгоо болсон хүмүүс байна шүү дээ. Н.Багабанди, П.Очирбат, П.Содном, Ш.Гунгаадорж гуай нар одоо ч гэсэн эрч хүчтэй ажиллаж байна. Хөгширсөн гээд энэ хүмүүсийн оюуны капиталыг тэтгэвэрт гаргаж болохгүй. Хүний хийж бүтээх өрнүүн их хүсэл тэмүүллийг нас зааж унтраах нь ёс суртахуунгүй.

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч эртнээс хатуу үг шидлээд байгаа юм биш үү?

-Одоо гээд нэгийг нь өмөөрөөд тэр ёстой буруу юм хийлээ гээд дүгнэлт хийгээд байх сонирхол надад алга. Би ер нь хүнийг муулах, дайрч давшлах дургүй. Харин бодлого, зарчим, улс төр, үйл ажиллагааны талаар бол амаа хамхиад суухгүй л дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвших гэхэд нэрийг нь татуулаад, улс төрд орж ирэх вий гэж хавчаад байсан юм шиг санагддаг.Танд ийм зүйл ажиглагддаг уу?

-Аль аль талдаа бодууштай зүйл байдаг л юм. Би бол чин үнэнээсээ Н.Энхбаяр даргыг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэхэд нь хэрэггүй гэж хэлж л байсан. Энэ хүнийг дарга байхад үүдэнд нь сахиад оруулахгүй манадаг, орчхоод гардаггүй хүмүүс одоо их шүүмжилдэг болоо шив дээ гэж тэр үеийн нэг сайд хэлж байсан. Хэн хэн юм бол? ,-Сэтгүүлчид та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

-Лидерүүд хоорондын "тулаан" хүчээ авах шинжтэй. Энэ нь ирэх сонгуульд МАХН-ыг хүчгүйдүүлэх юм биш үү. Зарим нь нам байгуулж өрх тусгаарлаж магадгүй гэж улс төр судлаачид дүгнэх болж?

-Тулаан гэхээсээ илүү ардчилсан нийгэмд бодол санаагаа илэрхийлж байна л гэж харж байгаа. Нам байгуулж гаргахгүй байлгүй дээ. Эд нар бие биенийгээ уриад уулзаад ярилцаж байгаа гэж сонссон. Эвлэрэх байх аа. Нэг нам, нэг зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс байтугай хоёр өөр нам өвөр түрийдээ орчхоод явж байгаа биз дээ.

-Удахгүй болох их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэх талаар оруулаагүй байна лээ. Даргын талаар ярих ёстой юу?

-Энэ нь ярилцах ёстой асуудлуудын нэг. Олонхын саналаар шийдэх ёстой л гэж бодож байна.

-Хамтарсан Засгийн газрын талаар шүүмжлэх хүмүүс олширчээ.Цөөнх нь хянаад, олонх болсон нь засгаа бариад явахгүй бол хариуцлагагүйн зуд нүүрлэлээ гээд л.Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би анх хамтарсан Засгийн газар байгуулах тухай яриа гарах үеэс болохгүй ээ, Үндсэн хуулийг зөрчинө, стандартын бус зүйл хол явдаггүй, зарчим, хуулиа мөрдөх ёстой гэж шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Одоо харин шүүмжлэх хүмүүс олон болжээ. Гэхдээ энэ Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа зарим зүйлийг дэмжиж байгаа. Цаашид улам л хурдтай сайн ажиллах хэрэгтэй. Дэлхийн стандартыг Монголд нутагшуулах, боловсролын салбарт шинэчлэл хийх, хөрөнгийн биржийг хөгжүүлэх гээд чухал алхмуудыг хийж хэрэгжүүлж байна.

Д.Доржпагма

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.