Тэрбишдагва.Д 2018.05.16 | Gogo.mn

Д. Тэрбишдагва: Нотлох баримт, бодит мэдээлэл дээр тулгуурлан иж бүрэн шалгалт явуулна

Д. Тэрбишдагва: Нотлох баримт, бодит мэдээлэл дээр тулгуурлан иж бүрэн шалгалт явуулна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг хэвийн ажиллаж байна

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад үр өгөөжтэй нөхцөлөөр байгуулсан уу гэдгийг нягтлах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 23-нд захирамж гаргаж, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулсан.

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий тус Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас шалгалтын явцын талаар тодрууллаа.

Би Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газар хийсэн энэ том гэрээний хэрэгжилт монголчуудад ашигтай, үр өгөөжөө өгсөн байх ёстой гэдэг байр суурьтай төдийгөөс өдийг хүрсэн ч ажлын хэсэг ажиллах хугацаанд хувь байр сууриа илэрхийлээс татгалзана. 

-УИХ-ын ажлын хэсэг ажиллаад Оюутолгойн гэрээнд ямар нэгэн зүйл буруу байлаа гэхэд түүнийг нь засаж залруулах, өөрөөр хэлбэл Монгол Улсад, монголчуудад ашигтай, үр өгөөжтэйгээр сайжруулах боломжтой?

-Гэрээний хэрэгжилтийг Үндэсний аудитын газраас шалгаж байгаа юм билээ. Бас Засгийн газар өөрийн шугамаар ажиллаж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг аудитын дүгнэлтийг сонсоно, Засгийн газрын явуулсан ажилтай ч танилцана.

Эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг учраас УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллахын ач холбогдол байгаа болов уу. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад УИХ-д танилцуулсны дараа УИХ-аар хэлэлцээд, гэрээний нөхцөлийг өөрчлөх үү, монголчуудад үр өгөөжтэйгээр сайжруулах шаардлага байна гэж үзэх үү гэх зэргээр ямар шийдвэр гаргах нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Засгийн газар цаашид ямар чигтэй ажиллахаа ч шийдэх байх.

Гэрээний талаар нийгэмд янз бүрийн байр суурь байхаас аргагүй. Гэрээ байгуулахаас өмнө 2007 он, байгуулснаас хойш 2009 оноос гээд энэ тухай арав гаруй жил ярилаа шүү дээ.

Ард иргэдтэй уулзахад энэ олон өнгийн яриаг нэг талд нь гаргаж,  үнэхээр ашигтай, ашиггүй аль нь юм гэдгийг ялгаж, салгач өгөөч гэдэг хүсэлт их тавьдаг. Нийт иргэдийн хүсэл эрмэлзлэл энэ юм. Дашрамд дурдахад, иргэдийн энэ хүсэлт миний хувь гишүүний байр суурьтай нийцдэг учир гэрээний хэрэгжилтийг нягталж, шалгах нь зүйтэй гэдэг саналаа өнгөрсөн чуулганы хугацаанд УИХ-д илэрхийлсэн.

Би Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газар хийсэн энэ том гэрээний хэрэгжилт монголчуудад ашигтай, үр өгөөжөө өгсөн байх ёстой гэдэг байр суурьтай төдийгөөс өдийг хүрсэн ч ажлын хэсэг ажиллах хугацаанд хувь байр сууриа илэрхийлээс татгалзана. Өөрөө хэлбэл цаашид ажлын хэсгийн ахлагчийн хувиар асуудалд хандах учиртай.

УИХ-ын даргын гаргасан захирамж, Эдийн засгийн байнгын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна.

Монголд өгч байгаа ашиг ямар байна, цаашид ямар ашиг авчрах юм зэргээр хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг цогцоор нь нягталж, бодит мэдээллийг гаргаж, нууж хаахгүйгээр олон нийтэд мэдээлнэ.

-Ажлын хэсэг хэвийн ажиллаж байна уу. Хяналт, шалгалт хэзээ дуусах вэ?

-Ажил жигд, хэвийн явж байна. Ажлын хэсэг дотроо таван дэд ажлын хэсэгтэй. Маргааш үдээс хойш дэд ажлын хэсгүүдийн тайланг сонсоно. Ажил дуусах тухайд ирэх зургаадугаар сарын сүүлээр гэж төлөвлөөд ажиллаж байна.

-“Гэрээг монголчуудад ашигтай болгохын төлөө л ажлын хэсэг ажиллана” гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Одоо ашиггүй байна гэж үзэж байгаа юм уу?

-Хоёр талдаа адилхан үр ашигтай, өгөөжтэй гэрээ байх зарчим чухал. Мэдээж монголчууд сэтгэл хангалуун, таатай сайхан байсан бол УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ажиллуулахгүй байсан байлгүй дээ.  

Нотлох баримт, бодитой мэдээлэл дээр тулгуурлан иж бүрэн шалгалт явуулж, шалгалтын санал дүгнэлт гарсны дараа энэ талаар тодорхой яръя.