Нийслэлийн МАН-д хэн “бодлогын хүн” болохыг Бага хурал харуулна
2018.05.16

Нийслэлийн МАН-д хэн “бодлогын хүн” болохыг Бага хурал харуулна

Төрийн албыг зарах дистрибьютерийн өргөн сүлжээ бүхий улс төрийн бизнес санаа нь задарснаас болж огцорсон Ц.Сандуйгаас хойш нийслэлийн МАН өнөөдрийг хүртэл даргагүй байна. Ц.Сандуй огцрохдоо хотын дарга С.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэвч МАН-ын дүрэмд “Үүрэг гүйцэтгэгч намын дарга” гэдэг зүйл байхгүй. Нийслэлийн МАН-ын Бага хурлаас гадуур хэн нэг нь “Чи намын дарга бол” гээд тамга, тэмдгээ бэлэглэдэг байж таарахгүй гэж үзэх хэсэг ч байна.

Ирэх сарын 7-нд болохоор товлогдсон нийслэлийн МАН-ын ээлжит Бага хурлаар хотын намын шинэ даргыг томилно. Ялагдсан нам нэг зовлонтой бол ялсан нам түмэн зовлонтой аж.

Найман жилийн өмнө нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаараа Ц.Сандуйг нийслэлийн намын хорооны дарга болгож байсан. Тэр цагаас хойш нэг удаа хуралдаагүй нийслэлийн МАН-ын 34 дэх Бага хурал өөр нэгэн даргын талаар удахгүй хэлэлцэх гэж байгаа нь энэ.

Нэр дэвшигчид ч эхнээсээ тодорчээ. Юуны өмнө сонгуульт албан тушаалыг томилгоот байдлаар авсан хотын мэрийн нэр бичигдэж байна. Түүнийг жинхэлж дүрмийн дагуу дарга болгох уу, өөр хүнийг сонгох уу гэдгийг Бага хурлын гишүүд шийднэ. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар мөн намын даргад яригдаж буй. Огцроод нэг жил ч болоогүй Ц.Сандуйгийн нэр ч тэдний дунд тууж явна. Хэн нь дарга болохыг Бага хурлын 369 төлөөлөгч шийднэ.

Нийслэлийн намын хороог МАН-ын бүтцийн байгууллага төдийхнөөр ойлгож болохгүй. Нийт хүн амын тал нь амьдардаг, НИТХ-ын 45, УИХ-ын сонгуулийн 26 тойрогтой, улсын нийт эдийн часгийн 70 орчим хувийг бүрдүүлдэг нийслэлд засаглаж буй намыг удирдана гэдэг улстөрч бүхэнд олдох боломж биш. Хэрвээ карьерийн зарчим зөв эрэмбээр үйлчилдэг бол энэ албан тушаалыг дагаад одоо улстөрчийн нэр хүнд, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хариуцлагаа хүлээх ухамсар тэр хэмжээгээр дагалдахыг шаардана.

Яг өнөөдөр нийслэлийн МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэж байна. Намын хорооны сонгуульд саналын эрх бүхий хэсгийн ахлагч нарыг аялуулж явсан автомашин осолдсон, бүр арван ч хүн амиа алдсан тухай зарим хэвлэлээр бичиж эхэллээ. Баттай эх сурвалжийн хэлж буйгаар Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагын төлөөх “уралдаан”-ы хүрээнд Хамрын хийд рүү аялуулж байсан хэсгийн ахлагч нарын автомашин осолдсон золгүй явдал гарсан байна.

Өрсөлдөөн С.Батболд нарын дунд өрнөнө гэж МАН-ынхан харж байна

Түүнээс гадна намын Бага хуралд оролцох 369 төлөөлөгчийн 69-ийг шууд квотоор оруулахаар болсон нь удаах дуулиан болов. Өмнө нь есөн дүүргийн намын хорооны тэргүүлэгчид тэгш оролцоотойгоор, мандатаар сонгогддог байсан бол, энэ удаа удирдлагууд 69 саналын эрхийн давуу боломжийг өөртөө олгож байна гэсэн үг.

Зарим дүүргийн /Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх/ МАН-ын удирдлагууд үүнийг эсэргүүцэж, нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид рүү шаардлага бүхий бичиг цаас шидээд амжиж. Гэхдээ тэргүүлэгчдэд хандсан шаардлагын хариуг дүрмийн бус хэмээгдэж буй үүрэг гүйцэтгэгч дарга өөрөө өгсөн нь бүр ч ойлгомжгүй байдлыг бий болгожээ.

Ингэхэд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвших нь тодорхой болоод буй эрхмүүдийн хэн нь хэн бэ?

Хотоос сонгогдсон хоёр ч Их хурлын гишүүн, хотын “парламент” болох НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын дунд болох өрсөлдөөн ширүүн байх нь дамжиггүй. Хэн хэнд нь хотын намыг удирдах улс төрийн дэмжлэг учир шалтгаан тодорхой хэмжээнд бий.

С.Батболд.

Өнгөрсөн сонгуулиар хотын намын хороо гэхээс илүү төв намд зүтгэж ажилласан. Өөрөө нэр дэвшихээс татгалзаж, сонгуулийн штабыг гол зохицуулагчдын нэг, арын албанд зүтгэх үүргийг хүлээсэн. Улмаар нам ялбал аль нэг салбарын сайд болох тохироог хийсэн гэдэг. Өөрөө ч үүнийг баталдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн дуудлагаар гэхээс илүү цэвэр намын улс төрийн шийдвэрээр хотын даргад томилогдсон түүнийг МАН дахь хотын фракц олонхоороо шахам дэмжих нь гарцаагүй.

Д.Сумъяабазар.

Хэний ч танихгүй 40 гаруй залуу ганц Улсын баатрын нэрээр нийслэл дэх МАН-ын хорин хэдэн жилийн засаглалыг унагаж асан тэр цагт тус намаас хотод сонгогдсон цор ганц УИХ-ын гишүүн нь Д.Сумъяабазар байв. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг шиг нам ялагдсан хүнд үед нийслэлийн “сөрөг хүчин”-ий үүргийг ганцаараа гүйцэтгэсэн нэгэн. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон, тэр хэрээрээ өөрийн хүрээллийг нийслэлийн МАН-д бий болгож чадсан түүнийг дэмжигчид мэдээж багагүй байх. Тэр утгаараа гол өрсөлдөөн Д.Сумъяабазар, С.Батболд нарын дунд өрнөнө гэж МАН-ынхан харж байна.

С.Амарсайхан.

“Хотын парламент”-ыг удирдаж байгаа гэдэг утгаараа бас л хүчтэй өрсөлдөгч. Эрх мэдлийн энэ тогтолцоо нийслэлд ч хэрэгжинэ. Гэхдээ С.Амарсайханыг нийслэлийн МАН доторх улс төрийн дэмжлэг дарга болох хэмжээнд бий болоогүй гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.

Х.Нямбаатар.

Шинэ залуу парламентч. Шүүгч нарын хөрөнгө орлогын асуудлыг хөндөж гаргаж ирснээрээ сүүлийн үед дуулианы эзэн, хэвлэлийн “бай” болоод буй.

Аль ч намд “намын бодлого, бодлогын хүн” гэж бий. Харин дээрх нэр дэвшигчдийн хэн нь нийслэлийн МАН-ын бодлогыи “туг” байсныг Бага хурлыи гишүүдийн сонголт харуулна. “Бодлого” ялах ёстой бол “бодлогын хүн”-ийг дэмжих сахилга бат тус намд байх хэрэггэй. Энэ бүгд нэг сэдэв байх эсэх нь шинэ дарга хэн болохоос мөн хамаарах юм.

Б.Энхжаргал