Д.Тэрбишдагва 2018.05.16 | Сонин: Засгийн газрын мэдээ

Д.Тэрбишдагва: "Оюутолгой"-н шалгалт нэг талд илүү үйлчлэх ёсгүй

Д.Тэрбишдагва: "Оюутолгой"-н шалгалт нэг талд илүү үйлчлэх ёсгүй
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-аас "Оюутолгой ” компанийн үйл ажиллагаа, санхүүд шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг гаргасан. Уг Ажлын хэсгийн ахлагчаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.

-“Оюутолгой” компанид ямар чиглэлээр шалгалт хийж байгаа вэ?

-Оюу толгой ордыг ашиглах талаарх хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах Ажлын хэсэг сар гаруйн хугацаанд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto Limited, Ivanhoe Mines Mongolia Limited, Icanhoe Mines Mongolia компанийн хоорондын гэрээний биелэлтийг бүлэг тус бүрээр нь шалгаж, дүгнэлт гаргана.

Мөн уг төслийн төсөв, санхүү, үйлдвэрлэл болон үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, 2016-2017 оны албан татварын төлбөр хураамжийн ногдуулалт, төлөлт болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавихаар ажиллаж байгаа. Түүнчлэн “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт хийхэд мэргэжлийн шинжээчид болон хууль хяналтын байгууллагыг татан оролцуулж, мэргэжлийн баг ажиллуулах үүрэг авсан. Эцэст нь, шалгалтын дүнд үндэслэсэн санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах удирдамжтай ажиллаж байна.

Энэ удаагийн шалгалт нэг асуудлыг биш, иж бүрнээр нь шалгаж, нийгэмд нэгдсэн ойлголт өгөх зорилготой.
-Ажлын хэсэг дотроо таван дэд хэсэг байгуулсан. Дэд хэсгүүд ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд, хөндлөнгийн шинжээчид, мэргэжилтнүүд, намын төлөөллүүдээс бүрдсэн дэд ажлын хэсгүүдийг таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар ахалж байгаа. Хөрөнгө оруулагчдын үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүд шалгалт хийх дэд ажлын хэсэгт байгуулагдсан. Бүс нутгийн хөгжил ба дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны дэд ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын болон гэрээнүүдийн хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсгүүд байгуулагдсан.

-Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах вэ?

-Бид маш их шахаж ажиллаж байгаа. Ажлын хэсэг зургаадугаар сарын 23 гэхэд шалгалтын дүнг гаргах чиглэл өгсөн. Газар дээр нь очиж нөхцөл байдал, бичиг баримтгай нь танилцах учраас аль болох зургаадугаар сардаа багтаах гэж оролдож байна.

-Танай ажлын хэсгээс гадна Засгийн газар, аудитын байгууллагаас “Оюутолгой”-д шалгалт хийхээр болсон. Эдгээр ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллах уу?

-Бид Засгийн газар болон аудитын байгууллагын ажлын хэсгийнхий дүгнэлтийг харгалзаж үзээд, хамтран иж бүрэн шийдэл гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Манай Ажлын хэсгийн дүгнэлт ч эдгээр байгууллагын санал, дүгнэлттэй ойролцоо байх болов уу гэж харж байна. Гэхдээ бид ажлын тайлангаа УИХ-д танилцуулж, УИХ-аас эцсийн шийдвэр гарна. Гэхдээ сүүлийн үед ард иргэд, зарим УИХ-ын гишүүн парламентыг шүүх шиг болгоод байгаа юм.

УИХ шүүх шиг аливаа асуудлын буруу, зөрүүг тогтоодоггүй.

Харин санал, дүгнэлт гаргаж, түүний дагуу бусад холбогдох байгууллагууд шалгадаг. Үүний дараа талууд хэлэлцээрийн ширээний ард суудаг. Түүнээс биш ажлын хэсгийн ажилтай танилцаагүй байж аль нэг талынх нь буруу, зөв гэж УИХ-ын гишүүд дүгнээд, яриад байгаа нь буруу. Тэгвэл аль нэг талын эрх ашиг, сонирхол давамгайлна. Хөрөнгө оруулсан олон улсын компани болон Монгол Улсын Засгийн газар гэсэн хоёр тал байгаа. Аль аль тал нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг. Эцсийн үр дүнд, аль нэг талдаа илүү биш, хоёр талдаа ашигтай байх ёстой. УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлэхэд, баримт дээр тулгуурласан, бодит дүгнэлт гаргана. Түүнээс биш нэг талыг баримтлахгүй.

-“Оюутолгой” компанид татварын байгууллагаас 150 сая ам.долларын акт тавьсан. Үүнээс 10 сая ам.долларыг л “Оюутолгой” компани хүлээн зөвшөөрсөн. Хэрэв талууд 60 хоногийн дотор ойлголцож, шийдэлд хүрэхгүй бол арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал үүссэн. Танай Ажлын хэсэг татварын асуудалд ямар оролцоотой байх вэ?

-Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын, хувь нийлүүлэгчдийн гэрээг иж бүрнээр нь шалгаж байгаа. Тиймээс энэ дундаас татварын асуудпыг сугалж яриад эхэлбэл дэндүү хуумгай явдал болно. Таван дэд ажлын хэсэг ажлаа хийх явцад татвар, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал яригдах байх. “Оюутолгой” компанийн Монголд төлж байгаа нийт татварын хэмжээ, улсын эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийн талаар ч ярих байх. Тиймээс 150 сая ам.долларын асуудлыг өнөөдөр ярих нь зохисгүй. Асуудлыг иж бүрнээр нь л харж, болгоомжтой хандья.

-“Оюутолгой” компанийн 2010-2012 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлж байсан. Үүнийг нэгтгэж ахин шалгах уу?

-Тухайн үед 24 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Үүний тодорхой хэсгийг засаж, залруулсан. Тиймээс дахиад сөхөж ярих нь учир дутагдалтай. Харин одоогийн шалгалтын дүнг үнэн бодит байхад анхаарч байгаа. Ажлын хэсгийг гишүүдийн дунд ч тэнцвэртэй байдлыг хадгалахаар ажиллаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй байхад иргэдийг бухимдуулсан янз бүрийн яриа гаргаж болохгүй. Энэ шалгалтад нууцын зэрэглэлтэй материалууд ч багтаж байгаа. Эцсийн эцэст энэ ажлын хэсэгт багтсан талууд хамтарч ажиллаад бодит дүгнэлт гаргахыг л ард иргэд хүлээж байгаа шүү дээ. Энэ долоо хоногт багтаж сонирхсон иргэд, судлаачид “Оюутолгой”-г шалгах Ажлын хэсэгт орох хүсэлтээ гаргавал татгалзах зүйлгүй.

З.СОЁЛ