2018.05.17

Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн амьдрах уу, үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал Үндсэн чиглэлд огт тусгагдаагүй байна

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: "Талбай дээр суулт жагсаал хийж байгаа нь төрийн албаны цалингийн ялгавартай байдлаас улбаатай. Тиймээс үүнийг төр бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Монгол орны байгаль орчны байдалд өөрчлөлт гарч байна. Сүүлийн 70-80-аад жилийн хугацаанд дэлхийн дундаж дулаарлаас 3 дахин их дулаарал явагдаж байна. Үүний нөлөө маш их учраас эмзэг байгалиа хамгаалах чиглэлийн бодлого байх ёстой.

Урт нэртэй гэж нэрлэгддэг гол мөрний эхийг хамгаалах, сав дагуу газрыг хамгаалах, байгалийн ойн сангаа хамгаалах хууль гараад үр дүнд хүрч байтал өмнөх 4 жилд Засаг барьж байсан хүмүүс өөрчилсөн. Одоо дахиад хөдөө орон нутагт байгалийн тэнцвэр алдагдаж, бэлчээр ган ч амаргүй нөхцөл байдалд орлоо. УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороодын дарга нарыг уул уурхай буюу ашиг сонирхлоос нь ангид хүн тавих хэрэгтэй гэж би байнга хэлдэг. Бизнесийн хүмүүсийг буруу гэж байгаа юм биш.

Гэхдээ УИХ-д төрийн эрх барих байгууллагад орж ирээд, өөрийнхөө бизнесийг хамгаалаад сууж байгааг нь л буруутгаж байна.

Тэр хамгаалж байгаа хүмүүсийн төлөөллийг БОХХААБХ-ны даргаар байнга тавьдаг. Үндсэн чиглэлийг харахад бэлчээр, байгаль орчинтой холбоотой, монгол хүн амьдрах уу үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал огт тусаагүй байна. Хамгийн ойрын жишээ гэвэл Улаанбаатар хотын утааг бууруулах ажлын хэсэг хүртэл гарсан байхад энэ чиглэлийн бодлогын зүйл алга" гэсэн юм.