Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэв
2018.05.17

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэв

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийг 2018 оны 5 сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1.0 хувь болгох агуулгатай юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа. 

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүссэн тул төслийг боловсруулсан байна. Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томъёолсон байна. Мөн тэдгээрийн ангилалыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна.

Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхолыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав.

Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төслийг ЭЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 16-ны өдөр хуулийн төслийг хэлэлцэж 82.4 хувиар дэмжсэн байна.