2018.05.17

М.Билэгт: Ямар салбар энэ хуулийн заалтад орохгүй вэ?

Өнөөдрийн (2018.05.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

 УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Цаг үеэ олсон хууль. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг яаж дэмжиж, татвар дээр ямар хөнгөлөлт олгож байгаа вэ? Ямар бизнес эрхлэж байгаа байгууллага орох вэ?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ажлын байрыг нэмэгдүүлэх гол зорилготой. Хувь хүн гэж ороогүй, аж ахуй нэгж гэж орж ирнэ. Жижиг бизнес эрхэлж байгаа байгууллага дээр ангилал гаргасан.Бичил, жижиг, дунд гэж ангилсан. Шалтгаан нь энэ байгууллагуудыг яаж дэмжих вэ? гэх мэт.