О.Баасанхүү: 2,5 тэрбум төгрөгний хязгаар тухайн байгууллагын хөрөнгө үү,орлого уу?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2018.05.18

О.Баасанхүү: 2,5 тэрбум төгрөгний хязгаар тухайн байгууллагын хөрөнгө үү,орлого уу?

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Энэ хуулинд орсон  2,5 тэрбум төгрөг нь тухайн байгууллагын хөрөнгө үү? Эсвэл орлого уу? Жижиг дунд үйлдвэрлэгчдийг яаж ангилж байгаа вэ? Сүү, тараг, өрөм гээд цагаан идээ зарж байгаа өрхийн үйлдвэрлэл аль ангилалд нь орж байгаа вэ? Нийгэмд бүтээгдэхүүн борлуулж байгаа цөөхөн хүнтэй олон хүн аж ахуй нэгж байдаг. Жижиг дунд үйлдвэрийг дагаад татварын хуулин дээр татвараа нуусан нөхдүүдийг хорино, торгоно гэсэн зүйл яригдаж байгаа. Татварын тухай хууль орж ирэхэд Ж.Ганбаатар гишүүн та хяналт тавиарай.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хөрөнгөөр хязгаарлахгүй.Дэлхийн дийлэнх улс орлогоор нь хязгаарладаг. Сүү, тараг үйлдвэрлэж байгаа хүмүүс иргэн гэдгээрээ орохгүй харин хоршоо гэдгээрээ оно. Ажиллах хүчин чухал. Энэ хуулийн утга учир бол ажиллах хүч нэмэх зорилготой. Татварын хувьд төртэйгөө холбоотой байх ёстой.