Оюунхорол.Д 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Тендерийн тухай хуулийг хэлэлцлээ

Тендерийн тухай хуулийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 16-ны хуулийн төслийг хэлэлцсэн байна. 

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тендер зарлахдаа үнэ, өртөгт нь үндсэн шалгуураа тавьж,  хамгийн бага үнэ санал болгосныг нь шалгаруулж ирсэн. Ингэснээр тендерт ялсан компаниуд өртөг багатай, чанар муутай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар улсад хохиролд учруулах байдлыг таслан зогсоох шаардлагатай байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан “Яам, төрийн байгууллагууд тендер зарлах болсон нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулах эрх мэдэл үүсдэг. Энэ  гажуудлыг засч, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Түүнчлэн тендерийн шалгаруулалтыг ил тод нээлттэй байлгаж, шалгуур үзүүлэлтийг нь тодорхой болгож, хуульд тусгах нь зүйтэй” гэсэн саналуудыг хэлж байлаа.  Гишүүдийн зүгээс уг хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх,  татан буугдаад байсан агентлагийг дахин байгуулах шаардлагыг анхаарах хэрэгтэй гэж үзжээ. Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn