Бат-Эрдэнэ.Б 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: ЖДҮ-ийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй

Өнөөдрийн (2018.05.18/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр: "ЖДҮ-ийг дэмжих хууль бодлого гараад олон жилийн нүүрийг үзэж байгаа боловч бодит амьдрал дээр хэрэгжилт нь хангагдахгүй байгаа.  Төрийн лобби дутаад байна гэж гишүүдийн хэлж байгаа нь үнэн. 2017 оны статистикаас үзвэл нийт 155 мянган ААН бүртгэлтэй байгаагаас 78 мянга нь ААН үйл ажиллагаа явуулж байна. Ажлын байр бий болгож байгаа талаас нь харахад 800 гаруй мянган хүнийг ажилтай байлгадаг салбар.

Гэтэл үүнд ямар нэгэн төрийн дэмжлэг, лобби байхгүй.

Том арилжааны банкны  захирлууд энд сууж байна. Арилжааны банк жижиг дунд бизнесийг дэмжих ямар нэгэн санаачилга байхгүй. Зөвхөн Засгийн газарт мөнгөө өндөр хүүтэйгээр зээлүүлж, хэт тэнцвэргүй ашиг олоод сууж байгааг Сангийн сайд УИХ-ын танхимд тодорхой хэллээ. 

Тиймээс ЖДҮ-ийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй. 1 суманд 20 талхны цех байгуулагдвал бүх зүйл хэрэггүй болно. Энэ хуулийн сайн тал нь санхүүгийн талаас болон татварын талаас дэмжих зүйлийг тодорхой оруулсан байна. Гэхдээ төрийн бодлогын талаас зохицуулах хэсэг дутуу байна.

Залуус жижигхэн үйлдвэрлэл явуулаад Японы машины үйлдвэрлэлийн бэлдэц, деталиудыг Монголдоо хийгээд, гадагш нь явуулж байна. Гадаад улс орнуудад том пүүс компанийнхаа шаардлагатай үйлдвэрлэлийг ЖДҮ-ээр хангаад явж байна" гэлээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn